Цар тахлаас үүдэн 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байх түр шийдвэр гарсан. Гэвч хувийн хэвшил 2-3 настай хүүхдийг цэцэрлэгт авсан хэвээрээ л байна. Үүнтэй холбогдуулан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсрол хариуцсан газрын дарга Ж.Мягмараас товч тодрууллаа.
Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан газрын дарга Ж.Мягмар: “Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийг эхлүүлэх асуудлаар танилцуулга мэдээлэл оруулсан. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг ковидийн нөхцөл байдлаас шалтгаалаад үе шаттайгаар цэцэрлэгт хамруулах ажил хийхээр болсон. Тухайн хүрээнд өнөөдрийн байдлаар 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж байна. Тухайн нөхцөл байдалд өдөр бүр ирцийн тандалт хийж, хүүхдүүдийн өвдөлт, багш нарын нөхцөл байдлын талаар судалгаа хийж байна. Үүний зэрэгцээ 14 хоног бүр УОК-ийн удирдлага дор ЭМЯ, БСШУЯ, ХӨСҮТ, НЭМХ болон МХЕХ газартай хамтраад боловсролын байгууллагуудын нөхцөл байдал эрсдэлийн үнэлгээг хийж байна. Энэхүү үнэлгээгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага өвчлөл, тоон мэдээлэл судалгаанд үндэслэж эрсдэлтэй түвшинд ажиллаж байна гэсэн дүгнэлт гаргасан.
Өмчийн хэлбэр харгалзахгүй 2-3 настай хүүхэд авахгүй. Хүүхдийн эрүүл мэнд, амь нас бидний хувьд хамгийн чухал. Хүүхдүүд ковидийн эсрэг вакцинд хамрагдаагүй. Түүнчлэн халдварт өвчнийг эсэргүүцэх чадвар сул байдаг. Тиймээс улсын хэмжээнд төр болон хувийн хэвшил 4-5 настай хүүхдээ авахаар болсон. Нөхцөл байдал хэвийн болохоор үе шаттайгаар дараагийн насны хүүхдүүдээ хамруулаад явна.
Өмч харгалзахгүй 2-3 настай хүүхэд авч болохгүй. Тэгвэл хувийн цэцэрлэг 2-3 настай хүүхэд аваад байна. Энэ асуудал дээр МХЕГ-ийн байцаагч нар газар дээр нь очиж Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан түр журмын хэрэгжилтийг хянаж байна. Сайдын тушаалын хэрэгжилттэй холбоотой тухайн асуудал гарч ирсэн. МХЕГ нь Засгийн газрын гаргасан дүрэм журмыг хянадаг байгууллагын хувьд эрх мэдлэгийнхээ хүрээнд үүнд хариуцлага тооцно. Энэ талаар мэдээлэл авсан. Хоёр сайдын гаргасан шийдвэрийг цэцэрлэгүүд хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ нь хүүхдийн насны онцлогоос шалтгаалж, эрсдэлүүдийг тооцож гаргасан шийдвэр. Иймд Засгийн газар дараагийн шийдвэр гаргах хүртэл энэ түр журмыг мөрдөж явах ёстой.
“Цэцэрлэгт аваач” гээд мөнгө бодоод байж болохгүй. Мөнгөнөөс үнэтэй зүйл хүүхдийн амь нас. Өвдөж байгаа хүүхэд сайн сурах уу? Засгийн газар хүүхдүүдээ хамгаалсан шийдэл гаргаж байна. Бид боломжтой бол цэцэрлэгээ нээгээд бүх хүүхдүүдээ авмаар л байна" гэв.