Европын холбооны улсууд тохиролцоонд хүрч тус бүс нутагт зөвхөн нэг төрлийн цэнэглэгч хэрэглэхээр болсон байна. Энэ шийдвэрийг өчигдөр албан ёсоор баталгаажуулсан нь бидний хэлж заншсанаар Type C буюу USB-C залгуураас өөр цэнэглэгч хэрэглэхгүй гэжээ.
Энэ шийдвэр нь техникийн хог хаягдал болон үргүй зардлыг буруулахад чухал нөлөөтэй гэдгийг Европын холбооны төлөөлөгч мэдээллээ. Учир нь жил болгон ашиглагдахгүй утасны цэнэглэгч болон технологийн хог хаягдлын хэмжээ нэмэгдсээр байгаа юм байна. Мөн иргэд шинэ төхөөрөмж худалдаж авахдаа ахин цэнэглэгчээ солих шаардлагагүй болно гэжээ. Энэ шийдвэрийн хүрээнд Европын холбооны улсуудад төхөөрөмжөө худалдаалдаг технологийн компаниуд цэнэглэгчээ бүгдийг нь USB-C болгох ёстой юм.
Технологийн тэргүүлэгч Apple компани энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж иновацийн хурдыг хойш татаж байгаа явдал гэсэн байна. Одоогоор тус компанийн Ipad болон Macbook гэсэн төхөөрөмжүүд USB-C залгуурыг ашигладаг болоод байгаа ч бусад бүтээгдэхүүнүүд бүгд Lightning залгуурыг ашиглаж байгаа юм. Тиймээс тус компани европын зах зээл дээр гаргах бүтээгдэхүүн болгоноо USB-C хувилбарт шилжүүлэх хэрэгтэй болжээ. Харин андройд төхөөрөмжүүдийн ихэнх нь төхөөрөмжүүдээ USB-C болгож хувиргасан учраас европын зах зээл дээр хэсэг хугацааны давуу тал үүсч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
2018 оны байдлаар Европын холбооны улсуудад хэрэглэгдэж байгаа төхөөрөмжүүдийн 29 хувь нь USB-B буюу хуучны бидний хэлж заншсанаар бүдүүн андройд цэнэглэгчийн оролттой байжээ. Харин 21 хувь нь Iphone -ы уламжлалт цэнэглэгч буюу Lightning оролттой гэсэн судалгаа гарч байсан. Европын холбооны улсуудаас жилд дунджаар 11 мянган тонн хэрэглэгдэхгүй болсон цэнэглэгч хог болон хаягддаг байна. Мөн тус улсуудад жилд дунджаар 420 сая үүрэн телефон болон таблетууд худалдагддаг юм.
Хамгийн сүүлийн судалгаагаар нэг хүн дунджаар гурван цэнэглэгч хэрэглэдэг, тэдний хоёр нь өөр загварын байдаг гэжээ. Мөн 2009 оноос хойш Европын холбоонд худалдаанд гарсан төхөөрөмжүүд 30 өөр төрлийн цэнэглэгчтэй үйлдвэрлэгдсэн байна. Энэ судалгаан дээр ажиллаж байгаа мэргэжилтэн Бэн Вүүдийн хэлснээр "Бүх цэнэглэгчийг нэг стандартад оруулах нь маш чухал асуудал, Apple компанийн хувьд энэ бүхэн хэцүү асуудал гэсэн ч бид ойлголцож энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Тодорхой хугацаа шаардагдах байх энэ хугацааг тэдэнд өгөх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: BBC