Ковидийн халдвар авч хүндэрсэн иргэдийг хүлээж авах ор байхгүй гэсэн ч Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар хүндэрсэн дөрвөн иргэнээ эмнэлэгт хэвтүүлэхээр түргэний тэрэгтэй ЭМЯ-ыг зорьсон юм. Гэвч түүнд яамны зүгээс ор байхгүй гэсэн өнөөх л улиг болсон хариуг өгчээ. Түүний хяналтад биеийн байдал нь хүнд байгаа өвчтөнтэй хэсэг хором ярилцлаа.
"Сүүлийн гурав хоног унтсангүй. Хана маажиж л хонолоо. Би 35 настай. Дөрвөн хүүхдийн эцэг. Үхмээргүй байна. Ковидоор өвдсөн хүмүүстээ ямар ч анхаарал тавихгүй байна. Ганцхан эмч л гүйгээд байдаг. Долоо хоногт ганцхан л удаа ирж үзлээ. Гэрээр эмчлэх боломжгүй байдалд байна. Миний судас хагарсан хэцүү байдалд хүрлээ. Хүлээж авах эмнэлэг алга. Үнэхээр яах учраа олохгүй юм. Өнөөдөр орой амьд хонох уу, үгүй юу л гэмээр хэцүү байна" гэв.