Ковидийн халдвар авч хүндэрсэн иргэдийг хүлээж авах ор байхгүй гэсэн шалтгаанаар эмнэлэг олдохгүй байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар энэ асуудлаар цөхрөнгөө баран Эрүүл мэндийн яамны гадаа өнөөдөр халдвар аваад хүндэрсэн өвчтөнүүдээ аваад эмнэлэгт яаралтай хэвтүүлэхээр очсон юм.
Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар "Ковидийн халдвар авсан нөхцөлд хэвтүүлэх заалттай хүмүүс байдаг. Энэ хүмүүс нь заалттай хэдий ч хэвтэж эмчлүүлж чадахгүй байна. Хэвтэж чадахгүй байгаа өвчтөнүүдийгээ гэрээр нь эмчилсэн ч хүндрээд сэхээнд орох байдал хүрлээ. Сэхээнд орох юм бол энэ нь маш аюултай өвчин.
Эмч хүнийхээ хувьд орны хүртээмж байхгүй гээд иргэдээ нүдэн дээрээ үхүүлж чадахгүй. Эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа учраас гэрээр нь уян зүү тавьж байгаа. Уг нь уян зүүг гэрээр нь тавьж болохгүй. Бохир орох аюултай. Аргаа барсандаа л ийм зүйл хийж явна.
Өдөр эрүүл мэндийн яам руу дөрвөн хүнд өвчтөнтэйгөө орж нөхцөл байдлыг бодитоор нь харуулсан. Гэвч ор байхгүй гэх шалтгаанаар мөн л авсангүй. Оргүй гэдгийг ойлгож байгаа ч засаг, захиргаа нь орны хүртээмжээ нэмээч ээ. Энэ хэвээрээ байвал нас баралт нэмэгдэнэ. Үхэхээр хүнд биш хүмүүсээ эмчлэхгүй байсаар байгаад алдаж байна.
Нэгдүгээр эмнэлэгт очиж нөхцөл байдлыг хэлэхэд мөн л орны хүртээмжгүй гэж хэлсэн. Боломжоороо өвчтөнүүдийг нь авна гэж байсан боловч нэг ч иргэнийг авсангүй.
Ах, дүү, хамаатнаа өгөх гэж байгаа юм шиг шөнө, орой эмнэлэг бүрийн хаалга нүдээд явдаг. Одоо ХӨСҮТ-д очиж мөн л ор гуйна. Дээд албан тушаалтнууд тоглолт, арга хэмжээ хийхээ болиоч дээ. Ковидийн нөхцөл байдал маш хүнд байна. Сүүлдээ цөхрөнгөө барж, туйлдаж байна. Ковидтой иргэдийг хүлээж авах ор байтугай шал ч алга" гэлээ.