Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 2.804.816 удаагийн зөрчлийн 66 тэрбум 517 сая нэг зуун мянган төгрөгийн торгуулийн 50 хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар 22.6 хувь нь төлөгдсөн байгаа бол 77.4 хувь буюу 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөг төлөгдөөгүй байна.
Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийнхөө 50 хувийг төлж барагдуулаагүй иргэд өршөөлд хамрагдах боломжгүй болж, торгуулиа бүрэн төлөх шаардлагатай болох юм.