УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна. Бид эрх баригчдаас хариуцалага нэхэж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай зохион байгуулж шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол Улсын төр УИХ юм. Бид ийм үед амраад байж болохгүй. 300 мянга гаруй хүн халдвар авсан, хичээл сургууль эхэлсэн, хоёр жил хоригдсон үед шатахуунгүй болсон ийм үед бид амраад байж болохгүй. Сонгуулиас хойш бид бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан үе байхгүй.
Сүүлийн хоёр жил УИХ Ковидийн дэглэм бүрэн бүрэлдэхүүнээ хуралдаагүй.
Тиймээс нэгдүгээрт УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна. Мөн Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөгийн Засгийн газраас шалтгаалж энэ бүгд бий болсон.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлж байна. 2021 оны гуравдугаар сараас хойш 100 жилийн ой тэмдэглэж, одон медаль тарааж, сонгууль, уул овоо тахих нэрийдлээр халдвар тараах үндэслэлийг тавьсан. Үүндээ уучлалт гуйх хэрэгтэй. Төрийн өндөрлөгүүд яг одоо гадаадад томилолтоор явж байна. Ер нь нэг л намын засаглалтай болсон мэт ойлголтыг гадагшаа, дотогшоо өгч байна.
Өнөөдрийн нөхцөл урагшаа бид хилээ хаалгасан, хойшоо бензинээ авч чадахгүй байна.
Хятадаас бид вакцин авсан. Өнөөдөр 60-70 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн ч халдвар хэрээс хэтэрсэн. Үүнд Засгийн газартай хариуцлага тооцох хэрэгтэй.
Хойд хөршөөс бид малынхаа вакциныг авдаг. Гэтэл өнөөдөр малын гоц халдварт шүлхий 12-13 аймагт гараад цаашид мал, махаа ч экспортолж чадахгүй байдалд хүрээд байна.
Манай АН эв нэгдлийг эрхэмлэж нэгдэж нягтарч, эрх баригчдаас хариуцлага нэхсэн байдалтай цааш ажиллана гэдгээ ард түмнийхээ өмнө илэрхийлж байна" гэв.