Хувцас загвар хэзээд хүн төрөлхтний мөнхийн хэрэгцээ, бас гоёл, гангараа нь болон хөгжсөөр ирсэн. Цар тахалтай холбоотой онлайн худалдаа хөгжиж байгаа энэ цаг үед монгол залуус Fashion technology-д суурилсан хувцас загвар, гоо сайхны чиглэлийн Ranza Fashion компанийг байгуулжээ. Онлайн худалдааны шинэ эрин үеийг эхлүүлж буй Ranza Fashion ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаярыг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа.
-Дуучин Бэки гэдэг уран бүтээлийн нэрээр тань сайн мэднэ. Бэки ямар мэргэжилтэй юм бэ?
-Намайг Ганбатын Мөнхбаяр гэдэг. Найзуудын маань дууддаг нэр болон уран бүтээлийн нэр. Сүүлийн 20 орчим жил энэ Бэки нэрээр дуудагдаад явж байна. Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль гэж байхад банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн.
Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Нохойтойгоо ам бүл дөрвүүлээ. Ажил хөдөлмөр, уран бүтээлийнхээ төлөө хөдөлмөрлөж яваа жирийн нэг залуу байна.
Миний хувьд дуучныхаа карьерыг өөрийнхөө хүссэн, санасан хэмжээнд хүртэл хийгээгүй. Гэхдээ зүгээр суугаагүй ээ. Сөүлд болсон наадамд оролцоод 15-16 орны Азийн дуучидтай өрсөлдөөд 2019 онд Азийн шилдэг дуучин гэдэг цолыг монголоос анх удаа авч байсан. Түүнээс хойш эргээд урам зориг сэргэсэн. Одоо “Voice” шоунаас хойш уран бүтээл рүүгээ эргээд эрчимтэй орж байгаа.
-Ажлын гараагаа хэрхэн эхлүүлж байв?
-15 насандаа анх татваргүй барааны дэлгүүрт тухайн үед Duty Free Shop-д худалдагчаар анх ажлынхаа гарааг эхэлж байсан. Түүнээс хойш зөөгч, бармен тухайн үеийн залуучуудын хийж, үзэж туулах ёстой байсан бүхий л шат, дамжлагуудыг туулж, бааранд DJ хүртэл хийж байсан.
19 наснаас анх миний CEO карьер эхэлсэн. Түүнээс хойш 10 гаруй жил дунд болон дээд шатны удирдах албан тушаалд хувийн аж ахуйн нэгж болон улсын байгууллага, тэр бүү хэл Францын төрийн өмчит компанид яг энэ удирдах албан тушаалаараа ажиллаа. Үндсэндээ өнгөрсөн 13-14 жилийн хугацаанд эдийн засагч мэргэжлийнхээ үндсээр ажиллаж ирсэн гэсэн үг.
Эдийн засагч мэргэжил гэдэг бол хамгийн хөрвөх чадвартай мэргэжлүүдийн нэг гэж ойлгодог. Жишээ нь, эмийн салбарт буюу Ази фармын дэд захирлаар ажиллаж байв. Залуу хүний хувьд өөрийгөө үргэлж, сорьж хөгжүүлж ирсэн дээ.
-Урлаг, загварын ертөнцтэй хэрхэн холбогдсон юм бэ?
-Манай эмээ их ганган хүн байсан. Дээрээс нь уртын дуу гоё дуулна. Генд минь байдаг байх. Багаасаа л гоё загварлаг хувцас, гоё интерьер анхаарал татдаг байлаа. Тэр шалтгаанаар ч юм уу эхнэрээ хүртэл сонгохдоо зэгзгэр гоё, хувцас загварын Топ модель сонгож байгаа юм л даа. /инээв/
Хүний өссөн төрсөн орчин нөлөөтэй гэж би хувьдаа боддог. Юу харж, ямар юман дунд өсөж байна. Тэр нь хобби болоод хоббигоо цааш нь бизнес болгоод явж байна гэх үү дээ.
-Шинэхэн бизнесээ танилцуулахгүй юу?
-Ranza нэртэй компани 2018 онд анх байгуулсан. Анх байгуулахдаа үндсэн концепц нь хувцасны брэндээр эхэлж байсан. Хүүхэд байхаасаа сонирхож, дотроо мөрөөддөг байсан өөрийн гэсэн брэнд гаргая гэж бодоод хийсэн. Харамсалтай нь ковидийн хүндрэл, нөхцөл байдлууд давхцсан. Яг үйлдвэрлэл, худалдаа эрхлэхэд маш хүндрэлтэй нөхцөл байдлууд үүссэн. Тэр цаг үеэс эхлэн Ranza.mn шинэ худалдааны технологийн вэб сайтыг нээх санаа төрсөн. Тулгарсан асуудал нь юу байсан гэхээр ганц надад ч биш тухайн үеийн үндэсний үйлдвэрлэгч бүхий л компаниудад биечилсэн борлуулалт 0 зогсолттой болсон. Онлайн худалдаан дээр яаж илүү хямд зардлаар хэрэглэгчдэд, худалдан авагч нарт бараа бүтээгдэхүүнээ хүргэх вэ гэдэг асуудал тулгарч эхэлсэн. Тэр зүйлийг шийдэхийн төлөө ер нь би нэг брэндийн асуудлыг шийдэх гэхээсээ илүү нийтээр манай онлайн худалдааны зах зээлд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө явах нь зөв юм байна гэж бодсон. Тэгээд өнөөдөр Ranza Fashion гэж компаниа нээсэн.
-Бусад ижил төстэй энэ төрлийн онлайн худалдаанаас юугаараа давуу талтай вэ?
-Манай компанийн хувьд онцлог нь монголдоо гэлтгүй олон улсдаа анхдагч шинэ технологийг бид нэвтрүүлсэн. Fantech гэж нэрлэж байгаа юм. Энэ нь болохоор Fashion technology буюу технологи дээр суурилсан хувцас загвар, гоо сайхны чиглэлийн хөгжүүлэлтийн компани гэдэг утгаараа Fashion tech анхдагч компани гэж ойлгож болно. Компанийн маань уриа “Leading to the Future” буюу “Ирээдүй рүү хөтөлнө” ч гэж ойлгож болно манлайлна ч гэж ойлгож болно.
Сайтын хамгийн том давуу тал бол бид цоо шинэ 360 технологийг дараагийн шинэ түвшинд гаргаж хөгжүүлсэн. Шинэ төрлийн BРRC 360 технологийг худалдааны зах зээлд нэвтрүүлэлт хийж байгаагаараа маш том онцлог давуу талтай. Энэ нь бодит хүн, бодит хувцсыг 360 градусаар өөрийг нь хөдөлгөж сольж үзэж болох юм. Онлайн худалдаан дээр дутагдаж байсан хэсэг нь амьд харилцаа байсан. Тэрийг бид шийдэхийн төлөө анхдагч хэлбэрээр өнөөдрийн байдлаар олон улсад энэ технологийг санал болгож, нэвтрүүлэлт хийж байгаагаараа давуу талтай.
Өнөөдөр Experince selling буюу стилистийн мэргэжлийн үйлчилгээг манайх үзүүлж байна. Сайтын хувьд хувцас загвар, гоо сайхан, үнэт эдлэл, акксисуар гэсэн чиглэлээр төрөлжсөн. Жишээ нь хувцас дээр стилистийн иж бүрэн комбинациар нь санал болгож байгаа. Тэр хослолыг худалдаж авах боломжийг бүрдүүлснээрээ манай сайт нээлтээ хийснээс хойш хэрэглэгч, худалдан авагч, ямар хувцсыг хэдийд яаж өмсөх үү гэдэг тэр толгойн өвчнийг нь үндсэндээ шийдэж байгаа гэсэн үг.
-Монгол залуус нэг алхам урд алхжээ.
-Өнөөдөр бардам хэлэхэд монгол залуучууд технологийн тал дээр нэг алхам урд гишгэлээ гэж ойлгож болно. Яагаад гэхээр Alibaba, Amazon, Ebay аль нь ч яг одоогийн байдлаар энэ технологийг бүрэн дүүрэн нэвтрүүлэлт хийж амжаагүй байгаа. Тэр утгаараа манайх анхдагч, одоогоор цорын ганц гэсэн үг. Бид олон улсын зах зээл дээр Fashion технологийн чиглэлээр илүү гарч өрсөлдөх гэсэн том зорилго тавьсан. Мэдээж эхлээд бүс нутгийнхаа хэмжээнд өмнөө тулгамдсан байгаа онлайн E-commerce-ийн шинэ тутам асуудлуудыг шийднэ гэсэн зорилттой яваа. Онлайн худалдааны шинэ эрин үеийг бид эхлүүлж байгаа. Хамгийн гол туйлын зорилго бол олон улсын зах зээл.
-2016 онд та УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан. Яагаад заавал сонгуульд өрсөлдөх болов?
-Би хувь хүнийхээ хувьд өөрийгөө их сорих дуртай. Илүү хөгжиж, сурах дуртай. Тэр үүднээсээ 2016 онд яг үнэнийг хэлэхэд бизнесээ хийхээр хуримтлуулж байсан олон зуун сая төгрөгийг парламентын сонгуульд бүгдийг нь үрсэн. Дараа нь ёстой 0 заасан. Хүмүүс бизнесээ эхлүүлэхдээ 0-оос эхэлсэн гээд ярьдаг шүү дээ.
Манай эхнэр бид хоёрын амьдрал бүр хасахаас эхэлсэн байхгүй юу. Хасах гэдэг чинь бөөн өртэй, зээлтэй. Эргээд харахад тухайн үедээ амаргүй байсан ч гол нь залуу хүний хувьд үзэл бодлоо илэрхийлэх тэмцэл хийсэн гэж би хувьдаа үздэг. Би тэр гаргасан зардалд огтоос харамсдаггүй. Харин ч аль чиглэлээр юуг нь яаж явах ёстой вэ. Дээр нь монголын улс төр ямар хэмжээнд яваа юм. Энэ би байх ёстой талбар мөн үү, биш үү гээд олон зүйлийг мэдэж авч байгаа.
Урлаг, бизнесээ илүү төгөлдөржүүлж хийх ёстой юм байна гэдэг ойлголтыг тухайн үеийн сонгуулийн үйл явдал надад маш сайн ойлгуулж өгсөн.
Гэхдээ манай залуу үе, шинэ үеийн залуучууд зоригтой, дайчин байгаасай. Хийе гэж байгаа бол яг тэр зүйлээ хийж үздэг байгаасай гэж хүсэж байна.
.