Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд, ахмад настай иргэдийн бүлэг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба гуравдугаар сараас хойш өмнөх жилүүдэд ногоо тарьж байсан газрыг нь шийдэж өгөлгүй тэдгээр иргэдийн өргөдөл, гомдолд хариу өгөөгүй учир иргэн Г.Хажидмаа өнөөдөр НЗДТГ-ын үүдэнд мэдэгдэл хийлээ.
Иргэн Г.Хажидмаа
“Манай иргэний бүлэг гэж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд, ахмад настай иргэд байдаг. Бид 2017 оноос хойш Нийслэлийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч, Э.Бат-Үүл даргыг иргэдэд ногоо тарих газар гаргаж өгснөөс хойш тэнд ногоо тарьдаг байсан. Манай бүлэгт байдаг иргэд тэнд тарьсан ногоогоо өөрсдөө зараад амьдрал ахуйдаа зарцуулдаг байсан. Энэ жил хийх гэсэн боловч Хотын дарга Д.Сумъяабазар энэ ажлыг хийлгээгүй. Тэр бидний ногоо тарьж байсан газар энэ жил хоосон өнжсөн учраас бид ногоо тариулчих гэж гуйгаад барсангүй. Тэгвэл бидэнд иргэдэд өөрсдөд маань хуульд олгогдсон эрхийнхээ дагуу газар олго. Бид тэндээ очоод ногоогоо тарья гэхээр газрын алба гуравдугаар сараас хойш бидэнд хариу өгсөнгүй. Өнөөдөр энэ төр засаг үнэхээрийн болохгүй болжээ. Иргэнээ хүн гэж үздэг төрийн албан хаагч ч байхгүй юм байна. Дарга нар нь их зан гаргаад авлига аваад ард түмэнд олдоггүй юм бол ядаж мэргэжилтнүүд нь ганц утас цохиод бидэнтэй холбогдож болдоггүй юм уу. Одоо би энд миний эрх зөрчигдөөд байна гээд цагдаад дуудлага өгнө. Гуравдугаар сараас хойш бидэнд хүнд суртал гаргасан бүх төрийн албан хаагч нар, газрын албаныхныг ажлаас нь халтал нь би энд суулт зарлана. Би газар авч чадахгүй юм байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр улсаасаа хуульд олгогдсон эрхийнхээ дагуу газар аваад ногоо тарьж болохгүй юм байна. Дархан цаазат Богд ууланд Хятадын хамаарал бүхий компаниуд га гагаар нь томоор нь газар аваад орд харш барьдаг болсон юм байна. Үнэхээрийн маш их гомдолтой байна. Хүнд суртал гаргаад байгаа төрийн албан хаагч нартаа цагдаа нар ямар арга хэмжээ авдаг юм. Хууль, шүүхийн байгууллага нь төрийн албан хаагч нартаа ямар арга хэмжээ авдаг юм бэ. Та нар хар даа. 108 удаа газар зарсан газрын албаны дарга өнөөдөр нэг ч хариуцлага тооцогдоогүй байна. Төр энэ хүндээ хариуцлага тооцдоггүй юм байна.