Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг Даланзадгад сумтай холбосон 59,6 км хатуу хучилттай замын ажил бүрэн дууслаа. Анх 2016 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Засгийн газрын тогтоолоор уг замыг барихаар шийдвэрлэж, гүйцэтгэгч компаниар “Эн Си Эф” ХХК сонгогдсон.
Замыг үндсэндээ хоёр жилийн дотор барьж дуусгах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг хойшилж, энэ онд ашиглалтад орлоо. Хэдий хугацаа хойшилсон ч замын бүтээн байгуулалтын ажил Монголын авто замын салбарын түүхэнд бичигдэж үлдэх ажил болжээ. Учир нь 50-иас дээш км замыг 100 хувь дотоодын санхүүжилтээр, нэг ч гадаадын ажилтангүйгээр монгол залуус нэгдэж дуусгасан анхны жишээ нь энэ юм.
Нөгөө талаар зам ашиглалтад орсноор байгаль орчин, малчдын амьдрах орчинд маш том өөрчлөлтийг авчирч байгаа гэж хэлж болно. Тодруулбал, зам баригдахаас өмнө хүнд даацын автомашинууд дураараа давхиж, байгаль сүйдэн, Цогтцэций сумын хойд хэсэгт хүн мал амьдрах нөхцөлгүй болж байв. Шанхын талд нутагладаг байсан зээрийн сүрэг хүртэл дайжжээ. “Харин шинэ зам ашиглалтад орж байгаль, малын бэлчээр сэргэж, цэлмэг тэнгэр, ногоон талаа харахтайгаа боллоо гэж" 10 гаруй жил том машины тоосонд амьдарсан нутгийн малчид ярьж байна.
Ташрамд дурдахад, энэ бол Таван Толгой, Оюу толгой, Гашуун Сухайтын бүх ачаа тээврийн машинууд дамжин өнгөрөх эдийн засгийн магистрал зам юм. Гүйцэтгэгч “NCF”, “Шилдэг зам”, “Мотор сервис” зэрэг Монгол компаниуд гэрээт ажлаа чанартай сайн гүйцэтгэсэн байна.