Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно. Тодруулбал, 18 дугаар тойрогт дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт арван нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэсэн. Тиймээс нэр дэвшигчдийн ХОМ-ийг АТГ сайтдаа байршуулсан.
Тухайлбал, УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Бат-Үүл орон сууц, үл хөдлөх хөрөнгөгүй. Жилийн орлого 1.2 сая. 40 саяар үнэлэгдэх VOLKSWAGEN TOUAREG машин. 10 саяын таван адуу, 1.4 саяын хадгаламжтай. 34 саяын авлагатай, 20 саяын зээлтэй гэж мэдүүлсэн байв.
Тэгвэл түүнийг жилийн 1.2 саяын орлоготой хэмээсэнд олон иргэд бухимдаж, ХОМ-ээ буруу бөглөлөө хэмээн шүүмжлээд байсан юм.
Харин Э.Бат-Үүл үүнд тайлбар хийжээ. Тэрбээр “Миний сарын орлого 1 сая 200 мянган төгрөг гэж бөглөснийг Сонгуулийн ерөнхий хороо санаатайгаар жилийн орлого мэтээр тавьсан бололтой. Жилийн орлого 1 сая 200 мянга биш шүү” гэжээ.