Өнгөрсөн зун урд хөршийн хил хаагдаж бараа, бүтээгдэхүүний татан авалт тодорхой хэмжээгээр буурсан. Үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ огцом өссөн юм. Наадмын дараа нэг боодол шилэн хөвөн 50-60 мянган төгрөг болж өссөн. Харин өнөөдөр энэхүү шилэн хөвөн 30 мянган төгрөг болтлоо үнэ нь буурсан байна. Барилгын материалын өргөн хэрэглээний бараа болох хадаасыг өнгөрсөн жил нэг килограммыг нь 2500 төгрөгөөр худалдаж авч байсан бол өдгөө нэг килограмм хадаасыг худалдан авахын тулд 4000 төгрөг зарцуулна. Энэ хадаасны үнэ долоодугаар сараас хойш нэг ч төгрөгөөр буураагүй байна.
Иргэдийн байр суурийг хүргэе.
“Барилга барих санаатай явж байна. Ер нь урд урьдын жилээс үнэ ханш нь нэмэгдсэн байна. Үнэ буусан шинж байхгүй, сая сарын өмнө захиалсан бараа эргээд захиалахад 20-30 хувь нэмэгдсэн байна. Яасан, юу болоод үнэ нэмэгдэв гэхээр шатахууны үнэ нэмэгдсэн гэдэг шалтгаанаар бүх зүйлийн үнэ нэмэгдэж байна”
“Нодлингийнхоос үнэтэй байна”
“Хавраас юмны үнэ хамаагүй өссөн байна. Хуучин 65 гэж байсан панер хэд дахин өссөн байна. Үнийн өсөлт барилгын материал хүмүүсийн өөрсдөө зохиомлоор өсгөөд байдаг юм уу, үнэхээр урдаа өсөөд байдаг юм уу. Ачаа, тээврийн хөлс нэмэгдсэн гээд байдаг. Тээврийн хөлс бараан дээр 2-3 дахин нэмэгдэхээр өсөөгүй. Би зохиомол үнэ хөөрөгдөл болоод байна гэж бодоод байна”
Барилгын материалын худалдаа эрхлэгч
“Тээврийн хөлс нь замбараагүй нэмэгдлээ. Энэ жил юанийн ханш харьцангуй тогтвортой боломжийн байсан. Тээвэрлэлтийн үнээс болоод барилгын материалын үнэ өссөн. Хэдийгээр Ерөнхий сайд очоод 10 сая болго гэсэн ч ялгаагүй үнэтэйгээр явж л байгаа. Иргэд хоёр портер юм авна гэж ирсэн мөнгөөрөө портерын тал бараа аваад явахаар энэ аймшигтай үнийн хөөрөгдлийг ард түмэн хамгийн өрөвдмөөр нь нуруундаа үүрч байна. 10 сая болсон бол үнэхээрийн худлаа. Одоо наадмын өмнөхийг бодвол эрэлт бага болсон. Эрэлт бага болсон учраас 500-1000 төгрөг буулгаад бараагаа зарахыг бодно шүү дээ. Түүнээс өмнө наадмын өмнө барааны үнэ аймшигтай байсан. Би заримдаа зарахаас халширмаар байсан. Харьцангуй үнэ нь бууж л байна. Түүнээс огцом барин тавин буусан үнэ алга. Жишээ нь, хятад шилэн хөвөнг бид өнгөрсөн жил 12-13 мянгаар зардаг байсан. Одоо 30-35 мянган төгрөг байна. Зүгээр л хятад шилэн хөвөнгийн үнэ 3 нугарчхаад байгаа. Долоон сард бүр олдохгүй байсан. Хятадын OSB хавтан долоодугаар сард 50 мянгаар олдохгүй байсан. Одоо 35-40 мянга. Та нар гайхах байх л даа. Өмнө нь 18 мянган төгрөг байсан. Сая бензиний үнэ нэмэгдлээ. Нарантуулаас 100 айл руу 50 мянгаар портер явдаг байсан. Одоо 80 мянга гээд хөдлөхгүй. 80 мянгаар явах портер ч олдохгүй байна.
Бага оврын портер машины жолооч
"Нэг хэсэг үнэтэй байсан. Бензин нэмэгдсэн ч гэсэн хуучин үнэ ханшаараа явж байгаа. Хот дотор 20 мянга, хотоос хол бол 30 мянга гээд явж байгаа"