Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Энэ үеэр Петровис ХХК-аас нөөцөө тэнцвэртэй хуваарилах зорилгоор ямар арга хэмжээ хэрэгжүүлж буйгаа танилцуулав.
Петростар ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа "Өнөөдрийн байдлаар манайх борлуулалтдаа 30,000 төгрөгийн хязгаар тогтоосон. Улаанбаатар хотод ердийн хэрэглээний гурав хоногийн нөөцтэй байна.
Манайх сүүлийн үед ОХУ-аас захиалсан хэмжээндээ шатахуун авч чадаагүй. Есдүгээр сард 17 мянган тонныг авахаар Роснефть компанид захиалга өгсөн ч 1,500 тонныг авсан. Энэ нь захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм.
Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цагдаа зэрэг аюулгүй хэрэглээнд зориулах, аль болох олон хүнд хүргэхийн тулд дээрх хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм. Улаанбаатар хотод Петровисын 40 колонк байгаагийн 20-д нь хязгаарлалт тогтоосон.
Дээр хэлсэнчлэн ердийн хэрэглээгээрээ тооцвол шатахууны гурав хоногийн нөөц байгаа. Үүнийг долоон хоног болгохын тулд хязгаарлалт тогтоосон" хэмээн мэдээлэв.
Түүнчлэн тэрбээр "Петровис компани АИ-92 бензинийг 2,050 төгрөгөөр борлуулж байна. Өртгөөсөө 123 төгрөгийн алдагдалтай үнээр борлуулж байгаа гэсэн үг. Өнөөдрийг хүртэл зөвхөн АИ-92 бензинтэй холбоотойгоор 28 тэрбум төгрөгийн алдагдалд орсон.
Зах зээлийн хуулиараа явбал АИ-92 2,200 төгрөг дээр очих ёстой. Засгийн газраас КОВИД-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж, нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ барь гэж байгаа. Түүний дагуу үнээ барьж байна.
Өнөөдрийн нөөцийн нөхцөл байдал нь магадгүй үнээ барьж байгаатай холбоотой. Бид заримдаа бензин авах бэлэн мөнгөгүй болж байсан. Байгаа мөнгөндөө тааруулж, захиалгаа өгч байгаа ч хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалж удааширч байна" гэсэн юм.