Шатахууны хомстол үүсээд буйтай холбоотой УУХҮЯ-ны мэргэжилтнүүд, "М-Ойл", "Шунхлай" гэх мэт импортлогч ААН-үүдийн төлөөллүд мэдэгдэл хийлээ. УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэвлэлийн хурлыг нээн дараах мэдээллийг өглөө:
-Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. Гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Ангарскийн үйлдвэрт засвар хийнэ, иймд 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн юм. Тиймээс бид БНХАУ-ын China oil компанитай гэрээ хийсэн. ААН-үүд гэрээгээ хийн, мөнгөө төлсөн Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байв. Гэтэл ОХУ 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдгээ өчигдөр гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд шатахуунтай вагон тавих боломжгүй гэсэн. Манай улс хоёр улсаас шатахуун авдаг тул ШТС-ууд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэлсэн юм.
Шатахуун импортлогчид нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр бид БНХАУ-ын Элчин сайдад уламжилж, хүсэлтээ тавилаа.
АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүслээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна.