АИ-92 авто бензиний хомстол үүссэн асуудлаар УУХҮЯ-наас 14.00 цагт мэдээлэл өгөхөөр боллоо.
Энэ сарын 20-ны даваа гарагт нийслэлийн шатахуун түгээх станцууд АИ-92 авто бензиний борлуулалтаа зогсоосон. Цөөн шатахуун түгээх станцад тодорхой хязгаартайгаар (зарим нь зөвхөн өөрийн карттай жолоочид үйлчилнэ гэсэн бол зарим ШТС тодорхой үнийн дүнд л шатахуун худалдаж байна) худалдаалж байна.
Одоогоор иргэд, ААН-үүдийн хамгийн их хэрэглэдэг шатахуун болох АИ-92 авто бензиний нийлүүлэлт хэзээ тогтворжих нь тодорхойгүй байна.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ "АИ-92 шатахуун зарим шатахуун түгээх газарт худалдаалахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Тус бензиний гол нийлүүлэгч нь ОХУ юм. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаагаас АИ-92 шатахууны нөөц багассан" гэсэн юм. Хэдий нийлүүлэлт буурсан ч хангамж тасалдахгүй, үнэ өсөхгүй гэсэн нь биеллээ олсонгүй. Ц.Эрдэнэбаяр даргын хэлснээр ирэх сарын 12-ныг хүртэл шатахууны нөөцтэй байхаар байсан ч түүний хийсэн, нөөц буурсан гэх мэдэгдлээс ердөө долоо хоногийн дараа нийслэлийн шатахуун түгээх станцууд ажиллахгүй боллоо.
Иймд хэдхэн минутын дараа болох хэвлэлийн хурлаар иргэд, ААН-үүд их хэмжээгээр худалдан авч, хиймэл хомстол үүсгэлээ гэх магадлалтай байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай улс нийт 843 660 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Төрлөөр нь ангилбал:
А-80-29 408
АИ-92-171216
АИ-95-9 270
АИ-98-660
Дизелийн түлш-491 120
Онгоцны түлш ТС-1-18 106
Шингэрүүлсэн шатдаг хий-3 531
Бусад-120348