Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Очирсайхан дэлхийн тайзнаа дэлхийн дуучидтай өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал тэрээр дэлхийн “А” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох “Placido Domingo”-ийн нэрэмжит “Operalia” мэргэжлийн дуурийн дуулаачдын уралдааны Финалын шатанд тэнцсэн байна.
Энэхүү уралдааны эцсийн шатны шалгаруулалтад оролцохоор дэлхийн 21 орны уран бүтээлчид эрхээ авсан. Тэдний нэгээр ийнхүү дуучин Э.Очирсайхан тодорсон юм. Тэрээр харин одоо “Их театр” буюу “Большой театр”-ын тайзнаа дуулах нь.
Э.Очирсайхан ярихдаа, “Би энэхүү дэлхийн тайзан дээр эцгийнхээ хайрласан нэрээр бус эх орныхоо нэрээр дуудуулж гарна. Иймээс надаас 100 хувь биш 200 хувийн хөдөлмөр гарах ёстой. Үүний тулд л өнөөдрөөс өөр өдөр байхгүй юм шиг л зүтгэж явна даа” хэмээжээ.
Э.Очирсайхан ирэх 10-р сард Москва хотыг зорино.