Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн дөрвөн хүүхдийн ээж Э коронавирусийн халдвар авч, сумынхаа соёлын төвд тусгаарлагдаж байх тав хоногийн хугацаандаа хүндэрч нас барсанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа талаар бидэнд мэдээллээ.
Ар гэрийнхний гомдолтой байгаа гол шалтгаан нь сумын эмнэлэг нь сул байхад, хүйтэн соёлын төвд ор тавилгүй, шалан дээр талийгаачийг хэвтүүлсэн. Хатгааг нь оношилж чадалгүй удаж, эмчилгээ хийлгүй хүндрүүлсэнд гомдолтой байгаа юм.
Энэ асуудлаар бид Баянтүмэн сумын холбогдох албаныхнаас тодрууллаа.
СУМ, ОРОН НУТГИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ ДАРГА НАРАА, ОЛОН ХҮҮХДИЙГ БИТГИЙ ДАХИН ӨНЧРҮҮЛЭЭРЭЙ
Талийгаачийн дүү О.Соёлоо, “Эгчийг маань коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу нь 2021 оны наймдугаар сарын 29-нд эерэг гарахад шууд сумын клубд тусгаарласан. Тухайн үед 10 гаруй хүмүүстэй хамт сумын клубийн хүйтэн шалан дээр гудас дэвсээд хэвтүүлсэн байсан.
Над руу видео дуудлага хийж, эгчийнх нь бие гайгүй, хөнгөн байна тусгаарлалтад орлоо гээд ярьсан. Тухайн үед хөнгөн шинж тэмдэгтэй тусгаарлалтад орсон гэсэн үг. Харин тусгаарлалтад ороод хоёр хоногийн дараа
эгч надтай утсаар ярихдаа “Миний бие янгинаж өвдөөд сонин байна. Хүйтэн клубд тусгаарлалтад хэвтэж байхдаа даараад хатгаа авсан юм шиг байна. Эмнэлэг рүү очьё” гэж хэлсэн. Тэр өдрөө өөрөө сумын эмнэлгээс эмч дуудуулаад үзүүлэхэд эмч нь “Хатгаа аваагүй байна” гээд эмнэлэг рүү шилжүүлээгүй байсан.
Гэвч дөрөв дэх өдрөөс эгчийн биеийн байдал нь огцом хүндэрч, нэг хоногийн дараа сумын эмнэлэг рүү аргагүйн эрхэнд татан авч хэвтүүлсэн. Сумын эмнэлэгт хэвтээд ямар эмчилгээ хийснийг нь мэдэхгүй байна. Хүнд байна гээд маргааш нь аймгийн эмнэлэг рүү шилжин, амьсгалын аппараттай бие нь дээрдэхгүй байсаар бурхан болсон.
Бид маш их гомдолтой байна. Дулаахан гэртээ хэвтэж байсан бол өдийд дөрвөн хүүхдийнхээ дэргэд амьд байгаадаа гэж харамсаж сууна.
Хэрвээ сумын эмнэлгийнхэн сэтгэл гаргаад эмнэлэгтээ хүлээж аваад эмчилгээ хийсэнсэн бол эгч минь хүндрэхгүй байх байсан.
Дорнод аймгийн эмнэлэгт эгчийг маань хэвтэж байхад Халдвартын эмч “Танай сум чинь хариуцлагагүй байна. Энэ хүнийг дэндүү хүндрүүлсэн байна. Гайгүй дээрээ ирсэн бол эмчилгээ авахаар байлаа. Хоёр уушги нь авах зүйлгүй хав хар, хатгаа аваад хэтэрхий удсан байна” гэж хэлсэн.
Дөрвөн хүүхдийнх нь хамгийн бага ой гарантай хүүхэд одоо над дээр байна. Сум орон нутгийн хариуцлагагүй дарга нараа, олон хүүхдийг битгий дахин өнчрүүлээрэй. Суурь өвчингүй сайхан залуус та нарын буруутай үйлдлээс болж хорвоог орхиж байна. Бидний туулсан шаналал зовлонг бусад хүмүүс битгий туулаасай гэж бодож энэ бүхнийг хэлж байна.
"БИ ТУХАЙН ҮЕД БАЙГААГҮЙ ЭЭ"
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга А.Энхтүвшин
"Манай сум тусгаарлах байр бэлтгэх аймаг, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу эрүүл мэндийн төвдөө болон Соёлын төвдөө тусгаарлах байрыг бэлдэн 30 гаруй матрас дэлгэсэн байх аа. Сургууль эхэлнэ гээд дотуур байрнаас тусгаарлах байранд ор дэлгэх боломжгүй байсан.
Тэр зүйл тохиолдоход би хотод ажилтай явсан. Энэ талаар тодруулах зүйл байвал манай эрүүл мэндийн төвийн хариуцаж байсан хүмүүс болон аймгийн эрүүл мэндийн төвөөс асуух хэрэгтэй".
"БИДЭНД ХАТГАА ОНОШЛОХ ОНОШЛУУР БАЙХГҮЙ"
Дорнод аймгийн Баянтүмэн сумын эмнэлгийн их эмч У.Уртнасан
“Хатгааны шинж тэмдэг мэдэгдээгүй. Бидэнд хатгаа оношлох оношлуур байхгүй. Манай эмч нар тав дахь хоног дээр нь зөвлөх эмчээ дуудаж үзэн хатгааг нь мэдсэн. Хатгаатайг нь мэдээд Соёлын төвөөс сумын эмнэлэг рүүгээ шилжүүлсэн. Би тухайн үед улаан бүсэд байгаагүй. ЭМ-ийн сайдын тушаалаар ковидийн үед анхан шатны эмнэлэгт тариа тарьдаггүй" гэв.
Монгол Улс ковидийн цар тахал анх дэгдэхэд дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон. Энэ хугацаанд бэлтгэл ажил хангаж байгаа талаар албаныхан байнга хэлж ярьж байсан юм. Харин цар тахалтай нүүр тулаад хоёр жил гаран болж байхад сумын төвд халдвар авсан иргэдийг тусгаарлах хэдхэн ор бэлдээгүй өнөөдрийг хүрчээ. Шадар сайд, Ерөнхий сайд аа, үүнд анхаарч байгаа зүйл байна уу?
Улаанбаатар хотод ковидийг бараг мартаад энгийн амьдралдаа шилжиж байна. Харин бидний мэдэхгүй байгаа орон нутгийн алслагдсан сумдад цар тахлын нөхцөл байдал хүнд байгааг дээрх кейсээс харж болж байна.
Энэ мэтчилэн хайхрамжгүй байдал, хүртээмжгүй үйлчилгээнээс болж хичнээн хүн цар тахлын улмаас эрдэнэт амиа алдаж байгааг таашгүй.