Сүүлийн үед бензиний хомстол үүсэж АИ92 болон АИ95 олдохгүй байна. Түүнчлэн нэг литр бензин тутам 200 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.
Иргэд:
“Байхгүй гэдэг нэрийн дор хөөргөж үнэ улам өсгөх гэсэн санаатай байна. Үнэхээр засгийн газар, улс гэж байгаа бол шатахуун түүгээд байгууллагуудаа бариад явах хэрэгтэй. Дэлхий нийтэд цар тахал бий болоод хаа хаанаа хэцүү байна. Өнөөдөр маргаашийн хоолоо яах вэ гэж байгаа ард түмэндээ хомстол үүсгээд байх юм. Машинаараа хоолоо олж иддэг хүмүүс зөндөө байна”
“Албаар хомстол үүсгээд байна. Энэ нь маш хүндрэлтэй байна. Ихэнх хүмүүс АИ92 хийдэг учраас зохиомлоор хомстуулаад байна гэж бодож байна. Тэр болгон хүн бүр АИ 95, АИ98 хийж чадахгүй”
“Үнэндээ хэцүү байна. Одоо зүү нь доошлоод шар гэрэл нь ассан явж байна. Өмнө нь шахаж өгч байсан юм. Одоо АИ95 ч байхгүй гээд байна. Гэр лүүгээ харьж чадах юм уу? Ихэнх газрууд байхгүй гээд өгөхгүй байна. Өглөө 10000 төгрөгт АИ95 хийсэн 3 литр орж байна. 3 литр нь юу ч болохгүй хурдан дуусаж байна”
“Бензингүй хэцүү байна. Хаанаас бензин авах уу? АИ95-аас 30000 өгч байна гээд байсан. Үүнийг сонсоод ирсэн чинь өгөхгүй л байна. АИ95 нь АИ92-оос үнэтэй болохоор хэцүү байна. Шатахуун хийгээд бага хугацаанд явна. Дахиад литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдээд байна. Тэгсэн ч гэсэн авъя гээд ирэхээр байхгүй л байна. Бензингүй болохоор хүүхдээ зөөхөд хүртэл хүндрэлтэй болж байна”
“Яагаад бензиний хомстол үүсээд байгааг мэдэхгүй байна. Шар гэрэл нь асаад л явж байна. Колонкуудад очихоор байхгүй гээд өгөхгүй байна. Томчуудын л хийж байгаа ажил биз”
“Засгийн газар нь бензиний нөөц байгаа гээд байна. Шатахуун түгээх газарт нь байхгүй л байгаад байна”
МТ колонкийн түгээгч:
“Манайх харилцагч байгууллагад шатахуун өгөөд байгаа. Вагон буугаагүй гээд манайд ерөөсөө ирэхгүй байгаа. АИ92, АИ95 байхгүй. Өдөр ирэх байх” гэв.