Энэ оны зургадугаар сарын 1-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрладаг талбайн ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийн зөвшөөрлийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг даалгасан.
Гэвч энэ газар одоо ч сулраагүй, эцэслэсэн шийд одоог хүртэл гараагүй учир өнгөрөгч Засгийн газрын хуралдаанаар уг газрын асуудлыг нягталж, дахин танилцуулах үүргийг хотын даргад өгсөн. Улмаар газрын маргааны асуудлаар Ардын жүжигчин Н.Сувд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ:
“Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд залуус, хүүхдүүд, ээжүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүй учир уг газарт ээж музей, спорт комплекс бүхий авто зогсоолтой ногоон байгууламж бүхий “Жангар цогцолбор” барихаар оршин суугчид болон холбогдох хүмүүсээс санал авахад 80 гаруй хувь дэмжсэн. Ц.Анандбазар кино компанийн охин компанитай юм билээ. Түүнийг нь 2016 онд мэдсэн. Улмаар кино театр, ээж театр, ногоон байгууламж бүхий үйлчилгээний төв хамт барья гэх санал тавьсан. Тухайн санал нь таалагдсан учир бид уг төслийг танилцуулсан. Төслөө хотод танилцуулахад амаар дэмжсэн. Гэвч уг байгууламжийг яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй байгаа. Хуулийн дагуу музей цогцолбор барихад юу нь болохгүй байна вэ. Барилга барих үед тоос шороо босох, дуу чимээ гарах зэрэгт ойр хавийн оршин суугчдад мөнгө өгдөг журам байдаг юм билээ. Тэр журмаар л мөнгө өгсөн болов уу” гэв.