Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин эзэмшсэн нарийн мэргэжлээрээ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллах шийдвэр гаргаж орон нутгийг зорьсон.
Тэрбээр ажлаа эхэлж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал, эмчилгээг хийж эхэлжээ. Түүний саналаар Хөвсгөл аймагт ХСҮТ-ийн эмч Б.Одбаяр очиж, хөхний хорт хавдрын анхны мэс заслыг хийсэн байна.
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Түвшин "Бид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж хавдрын асуудал орон нутагтаа бүрэн шийдэгддэг болгох төлөвлөгөөтэй байгаа.
Хэдий би мэс заслын эмч ч гэлээ Хөвсгөлд ирээд дуран дээр их ажиллаж байна. Ходоод дурандуулсан хүн бүр шахуу л асуудалтай, шарх маш их. Хавдар ч их бололтой. Хүмүүс ихээр зовиур өгч байж л эмнэлэгт ирдэг юм байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт орох дадлыг хэвшүүлэх чухал байна" гэж цахим хуудсандаа бичжээ.