Энэ жил төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоосоо хангана. Илүүдэл ногоог ашиглах зорилгоор Төв аймагт цардуулын үйлдвэр барихаар ажиллаж байна.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн өдөр үргэлжлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож, тариаланчид, ногоочид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, салбарын хөгжилд шинэ технологи, үйлдвэрлэл нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээгдэхүүнтэй танилцан, тэдний санал бодлыг сонслоо.
Ногоочдод хамгийн тулгамддаг асуудал бол зоорь агуулах байдаг. Тиймээс тариалангийн бүс нутагт Польшийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барихаар шаардлагатай зохион байгуулалтыг хийж байгаа юм.
Хонины нэхийгээр хувцас үйлдвэрлэж байгаа компанийн зүгээс зөөлөн үстэй Монгол орхон хонийг олноор нь үржүүлэх чиглэлд бодлогоор дэмжихийг хүсэв.
“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд нийт 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож, бүтээгдэхүүнээ борлуулж байгаадаа сэтгэл хангалуун байна. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар худалдан авалт хийсэн иргэдийн сэтгэл ханамж 70 хувьтай, зохион байгуулалт, халдвар хамгааллын талаар сэтгэгдэл өндөр байна. Тоон дүнгээс харвал энэ сарын 16-нд 24.5 сая, 17-нд 79 сая, 18-нд 111 сая гээд гурван өдрийн турш нийтдээ 214 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Ерөнхий сайдын зүгээс эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд Засгийн газар, иргэдийн хамтын ажиллагаа чухал учраас хамтдаа хичээхийг уриалсан юм.
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд хүнснээс гадна газар тариалан, мал аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулсан гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.