Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 Дэлхийн чансаа 09 дүгээр сарын 18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэй чансааг Монгол улс тэргүүлж эхэлсэн мэдээг ФИБА цацлаа.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангиллын хоёр багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн юм. U21 хүртэлх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3×3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулжээ.
Харин С.Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн FIBA 3×3 U23 Nations League-ийн зургаан цуврал тэмцээнд өрсөлдөж гурав түрүүллээ.
Тэмцээнд оролцсон нийт 26 орноос манай баг Румын улсын Бухарест хотод болсон FIBA 3×3 Nations League-ийн Финалын шилдэг найман багийн нэгээр шалгарч зургадугаар байранд орлоо. Финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн орсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.
Дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748,763 болж Монголулс Дэлхийн чансааны тэргүүнд дээдэд жагсаж эхэллээ.