НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган Нью Йорк хотноо үргэлжилж байна. Манай улс НҮБ-д 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элсэн орсон байдаг. Энэ онд 60 жилийн ой тохиож байгаагаараа онцлог.
Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 19,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Өнгөрсөн хугацаанд манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, олон улсын энх тайван аюулгүй байдлыг хангах, зэвсэг хураах, энхийг сахиулах, ардчилал, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг олон салбарт идэвхтэй ажиллаж, 20 орчим асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан батлуулжээ.
Тухайлбал Монгол Улс 2002 онд БНАКонго улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн хоёр ажиглагч илгээсэн бол 2006 оноос НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаар оролцож ирсэн байна. 2002 оноос өнөөг хүртэл Монгол Улсын зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах 11 ажиллагаанд давхардсан тоогоор 19,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн статистик бий.
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 881 цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч 122 орноос 24 дүгээрт жагсаж байна.