Хууль зүй дотоод хэргийн яамны санаачилгаар өнөөдөр “Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Хууль зүй дотоод хэргийн яамнаас Хувийн эрх зүйн шинэтгэлийн асуудлыг цаашид ямар чиг хандлага, ямар арга барилаар хийх вэ гэдэг зүйлийг бүх оролцогч байгууллагуудыг урьж оролцуулаад хэлэлцэж байна. Үүнд, Монгол Улсын төрийн байгууллагуудаас гадна хууль зүйн сургуулиудын багш, судлаачид, өмгөөлөгч нар, гадаад улсын худалдааны танхимын төлөөлөгч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрийн шинэтгэлийн асуудал явж байна.
Цаашдаа цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсаас зах зээлийн эдийн засагт орсон асуудал дээр арилжаа эрхлэгчдийн эрх зүйтэй холбоотой тодотголыг зайлшгүй хийж авч явахгүй бол манай эдийн засгийн өсөлтөд хууль эрх зүй талаасаа тодорхой хэмжээний саад бэрхшээл гараад байна гэж харж байгаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
Хувийн эрхзүйн шинэтгэлийг Монгол Улс 2002 онд хийгдсэн. Үндсэндээ 20 жил энэ хууль өнөөдрийн Монгол Улсын нийгэм эдийн засаг, тэр дундаа эд юмсын харилцаа, арилжааны харилцааг зохицуулаад энэ хууль өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Бид энэ удаад ямар өөрчлөлт хийхийг хүсэж байна вэ гэвэл нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчинг таатай болгох өөрчлөлтүүдийг цогцоор нь хийе. Ингэхдээ Иргэний хуулийг бүхэлд нь өөрчлөлгүйгээр Иргэний хуультайгаа зэрэгцүүлж, Арилжааны эрх зүйн зохицуулалтыг оруулж ирье. Өнөөдөр дэлгүүрээс талх худалдаж авч байгаа харилцаа, маш том үнийн дүнтэй арилжаа хийж байгаа харилцаа хоёр хүртэл яг адилхан Иргэний хууль дахь худалдах худалдан авах эрх зүйгээр зохицуулагдаж байгаа. Түүнийг шүүхэд шийдвэрлэхэд яг адилхан процесс шаардагдаж байгаа. 10 сая төгрөгөөс дооших үнийн дүнтэй хэргүүд өнөөдөр нийт шүүхэд шийдвэрлэгдэж байгаа хэргийн бараг 40 орчим хувийг эзэлж байгаа. Угтаа ийм бага үнийн дүнтэй хэргийг тийм хүнд процесстой шүүхээр явуулж байхаар барууны орнуудыг жишгээр шууд маргалдагч талуудыг суулгаж байгаад нотлох баримтад үндэслээд алх тогшоод эцэслэн шийдээд байвал шүүхийн ч ачаалал буурна. Шүүхээр шударга ёсоо тогтоолгох хүний эрх ашиг хурдан хангагдана. Гэтэл өнгөө талд нь хэдэн тэрбумын маргаан үүсэж байгаа процесс яг тэр зарчмаар явж байгаа. Өнөөдөр шүүхэд шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх дундаж хугацаа 3.7 жил. Шүүхэд эргээд зарцуулж байгаа зардал нь эрх ашгаа хамгаалуулах гэж байгаа хөрөнгийнхөө 23 хувийг зарцуулаад байгаа. 20 мянган төгрөгийн маргаан гурван шатны шүүхээр явсан, шүүхийн зардал нь 3.4 сая болсон гээд л. Өнөөдрийн бидний хэрэг маргаан шийдвэрлэх процесс хүнд, чирэгдэлтэй байгаа нь гаднын хөрөнгө оруулагчдыг бидэнд итгэх итгэлийг сарниулж, алдагдуулж байна. Тиймээс бид бага үнийн дүнтэй маргаанаа хялбаршуулж шийдье. Бизнес, бизнесийн хооронд хийгдэж байгаа арилжааны гэрээ, хэлцлийг шийддэг тусдаа төрөлжсөн шүүхүүдтэй байя. Эцэстээ шүүх бол шударга тохиролцоог хамгаалдаг шийдвэрийг маш хурдан гаргах, тэр гаргасан шийдвэр нь гарцаагүй хэрэгждэг байх талаар өнөөдөр бид ярилцаж байгаа юм.