Индонезийн нийслэл Жакарта хотын нэр бүхий оршин суугчид агаарын бохирдолд төрийн эрх баригчид буруутай хэмээн зарга үүсгээд гурван жил боллоо. Учир нь иргэд төрийн дээд удирдлагуудыг хот төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтад илэрхий алдаа гаргаж, хотын ойролцоо олон зуун үйлдвэр барих зөвшөөрөл олгосон хэмээн буруутгаж байгаа юм. Үүнээс улбаалж Жакарта хотын агаарын бохирдлын хэмжээ Дэлхийд эхний аравт орохоор үзүүлэлттэй болжээ. Тэгвэл улсын дээд шүүхээс эдгээр иргэдийн талд шийдвэр гаргаж, хотын агаарын бохирдол нь төр засгийн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдгийг тогтоожээ.
Орон нутгийн хэвлэлүүд шүүхийн энэ шийдвэрийг “Түүхэн шийдвэр” гэж нэрлэжээ. Гэсэн ч шүүхээс төрийн удирдлагуудад ямар хариуцлага оногдуулах нь тодорхой биш байна. Харин иргэдийн хувьд хотын 10 сая оршин суугчийн өмнө эдгээр хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буй юм.