Дуучин ноён Бондгор буюу Ц.Амарбаяр ковидын хүндрэлээр сэхээнд оржээ. Тэрбээр олон нийтэд сэрэмжлүүлэг болгон цахим хуудсаар коронавирусийн хүндрэлийн талаар ярьсан юм. Мөн эмч сувилагч нарт талархаж буйгаа илэрхийллээ.
“Би коронавирус тусаад 20 гаруй хоносон. Ирсэн өдрөө шууд л сэхээнд орсон юм. Сэхээний тасагт аппараттай бараг 20 хоносон. Сошиалаар харж байхад хүмүүс энэ өвчнийг үл тоож байгаа шинжтэй байна. Миний хувьд бүх зүйлийг мэдэрлээ. Кинон дээр гардаг юмыг нүднийхээ хажууд харлаа. Маш хэцүү, тэвчихийн аргагүй зүйлсийг үзлээ. Хүний амь цагаа тулбал секундийн дотор хоёр том амьсгаа аваад л байхгүй болж байна. Би найман хүний ортой сэхээний тасагт орсон. Намайг гарахад зургаа, долоон нь өнгөрсөн байсан. Үнэхээр аймшигтай.
Манай Монголын эмч, сувилагч нар та бүхний бодож байгаа шиг муу биш юм. Алтан гарт эмч нар маань өвчтөнүүдээ гэсэн сайхан сэтгэлтэй байдаг юм байна. Ямар чадварлаг залуучууд бэлтгэгдсэн юм бэ. Ээж аав шигээ хөгшин настай хүмүүсийн шээс баасыг зөөгөөд, өөрийнхөө хүүхэд шиг сувилаад байж байгаа нь бахархууштай. Энэ эмч, сувилагч нарыг хараад би өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн. Дээрээс нь бидний төлөө амь амьдралаа золиод гэртээ ч харихгүй бидний төлөө ажиллаж байгааг хараад маш их өрөвдлөө. Эмч, сувилагч нар өглөө болгон орж ирээд өвчтөнүүдийн бие, шүдийг нь угааж өгдөг. Дээш доош нь харуулдаг. Шээс баасыг нь өдөрт дөрөв, таван удаа зөөдөг. Хоолыг нь аманд нь хийж өгч байна. Ийм цалин аваад, ийм нөхцөлд, ийм сэтгэл зүйтэй ажиллана гэдэг үнэхээрийн гайхамшигтай. Энэ бүх хүмүүст маш их баярлалаа. Бас нас барсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлье.
Би хамт байж байгаад олон хүнийг алдлаа. Дээрээс нь та бүхэн маань халуун юм сайн уу, доошоо харж унтаж бай. Аюултай, янз бүрийн эрсдэлтэй газраар битгий яв. Маш цэвэрхэн байх хэрэгтэй шүү” гэжээ.