Нээлттэй нийгэм форумаас Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” сэдэвт ээлжит уулзалт болж байна. Хүүхдийн сэтгэцийн эмгэг хурцаар яригдах болсон энэ үед мэргэжлийн дипломтой хүүхдийн сэтгэцийн эмч байдаггүй талаар АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор З.Хишигсүрэн хэллээ.
Тэрбээр, "Сэтгэцийн өвчтэй хүний эрх өвөрмөц. Монгол Улсад өнөөдөр хэрэгжиж байгаа сэтгэцийн өвчтэй хүнийг номхтгон тусгаарлах арга хэмжээ сэтгэл эмзэглэм гэж хэлмээр байна. Учир нь хүйсээр ялгахгүй маш хурц өвчтөнүүдийг нэг өрөөнд эмчилдэг. Олон хүний хажууд нэг өвчтөнийг номхтгодог. Нэг орон дээр хоёр өвчтөн байна. Үүнээс хүний эрх хангагдаж байна уу гэдэг асуудал үүсэж байна.
Сүүлийн үед хүүхдийн сэтгэцийн эмгэгийн асуудал хурцаар яригдах болсон. Гэвч Монголд хүүхдийн сэтгэцийн эмчийн дипломтой хүн байдаггүй. Тэгэхээр Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоо өнөөдрийн байдлаар хаана байна вэ гэдэг судалгаа чухал байна.
Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд өрхийн эмчийг чадавхжуулах хэрэгтэй. Өрхийн эмчээ чадавхжуулж чадах юм бол эрт оношилж, эрт тусламж үйлчилгээ үзүүлж чадна" гэлээ.