Манай улсад бүртгэлтэй 1200 гаруй автобус бий. Үүнээс 532 автобусны ашиглах хугацаа дууссан ч ирэх онд замын хөдөлгөөнд оролцуулсаар байх талаар Нийслэлийн олон нийттэй харилцах албаны ажилтан Н.Сугар мэдээллээ.
“Яг үйлчилгээнд явах боломжтой 900 гаруй автобус байна. 2022 оны нэгдүгээр сар гэхэд 532 автобусны ашиглалтын хугацаа дуусаж байгаа юм. Ашиглалтын хугацаа дууссан автобусны 260 нь нийслэлийн орон нутгийн тооцоот аж ахуй нэгжийн харьяатай. Зорчигч тээврийн нэгтгэл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол төсвөөс хамааралтай үлдсэн автобус нь хувийн аж ахуй нэгжийн автобус. Хуучин автобус яагаад худалдаж авдаг вэ гэхээр хувийн хэвшлийн автобусны компаниуд хуучиныг л авдаг. Нийслэлийн төсвөөс автобус худалдаж авахдаа хуучин автобус худалдаж авдаггүй. 2009 онд төрөөс 400 автобус худалдаж авсан. Парк шинэчлэл хийсэн гэсэн үг. Үүнээс хойш парк шинэчлэл хийгээгүй. Нийтдээ 79 автобус сүүлийн 10 жилийн хугацаанд бага багаар худалдаж авсан байна. Парк шинэчлэлийн ажил маш удаашралтай явж байна гэж ойлгож болно. Одоо 532 автобусны ашиглалтын хугацаа дуусаж байгаа хэдий ч 2022 ондоо эдгээр автобусыг ашиглана гэсэн стандартын сунгалт хийсэн байна. Хоёр давхар автобусны асуудлаар нийтдээ хөгжлийн банкнаас 46 автобус зээлээр худалдаж авахаар гэрээ хийсэн. Түүний 36 нь нэг давхар автобус, 10 нь хоёр давхар автобус байгаа” гэв.
Иргэд:
- “Ер нь манай автобус муу. Би Солонгост долоон жил болсон. Хүнийхээ эрүүл аюулгүй байдал тал дээр илүү анхаарсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг суулгаад өргөдөг тусгай суудал байдаг. Манайд тийм битгий хэл эрүүл хүндээ ч зориулсан юм байхгүй. Бууж суухад хэцүү. Автобусны жолооч нь хүртэл борооны устай газар зогсон, хол, хүүхэд суухад хэцүү, буухад хүндрэлтэй газар зогсдог. Монголчууд автобус хийдэг юм байна лээ. Тэр автобусаа явуулахад яагаад байдаг байна. Заавал ашиглалт нь дууссан автобус оруулж ирээд байдгийг гайхаад байдаг. Монгол инженер цахилгаан автобус хийсэн байна лээ. Тэрийгээ явуулж болдоггүй юм уу? Энэ хугацаа нь дууссан автобус явуулах шаардлага юу байдаг юм бол?”
- “Монголын автобус хүртээмж муу учир хүн ихтэй байдаг. Ялангуяа ковидийн үед ямар ч эрүүл ахуйн стандартгүй явж байна. Дандаа эдэлгээ муутай хуучин техник оруулж ирдэг. Би шинэ автобус хоёр гурав л харж байсан”
- “Орчиндоо тааруулаад л автобус явж байна. Нэг үеэ бодвол зайгаа барь гэсэн бичигтэй байдаг. Дандаа хуучин техник явж байна гээд байдаг. Долоо болон түүнээс дээш, зарим нь бүр 10 жил болсон байдаг. Салж унах гэж байгаа юм шиг дуу гараад байдаг”
- “Нэг үеэ бодвол харьцангуй сайн болсон. Гэхдээ ариун цэвэр шаардлага хангахгүй байна. Дотор орохоор зай барихгүй байна. Урд нь нэг сандал тусгаарлаад байдаг байсан. Дотроо мөрдөгдөхгүй байна. Сандлын суудлын бүрээс маш бохир байдаг. Тэрийгээ сольж өгөөч гэж хэлмээр байна”