ОХУ -ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийг нь хүрээлдэг хүмүүсээс коронавирусийн халдвар илэрсэн учраас түр тусгаарлагдсан тухай мэдээллийг Кремлийн хэвлэлийн албанаас өглөө. Энэхүү албаны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, “ Ерөнхийлөгчийн бие сайн байгаа, түүний шинжилгээ сөрөг гарсан” гэв. Мөн тэрбээр ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийг бүгдийг нь шалгаж дуустал түүнийг ямар нэгэн байдлаар олон нийтийн арга хэмжээнд оролцуулахгүй гэдгийг онцоллоо.
Телевизийн мэдээгээр, Владимир Путин коронавирусийн халдвартай хүмүүстэй даваа гарагт уулзсан байна. Эдгээр хүмүүс нь Нэгдсэн Орос намын гишүүд байсан гэдгийг онцолжээ. Владимир Путины хувьд хоёр тун вакцин хийлгэжээ.
Энэ талаар Владимир Путин, “Миний бие маш сайн байна, Одоо л СПУТНИК -ын сайн үр нөлөөг биеэр үзэх боломж гарлаа. Би СПУТНИК вакциныг хийлгэсэн учраас бүх зүйл зүгээр гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн тэрээр өнгөрөгч даваа гарагт Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадтай уулзсан бөгөөд Новгородод явуулах арга хэмжээ болон паралимпийн тамирчдийн тухай ярилцсан байна.