Жуковын хөшөөний ард талын талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцлан нөхөн сэргээлт хийж цэцэрлэг барих үүргийг 6 дугаар сарын 1-ний Засгийн Газрын хуралдаанаар гаргасан. Харин өнөөдрийн хурлаар энэхүү шийдвэрийг дахин танилцуулсан юм. Гэвч одоог хүртэл энэхүү газарт барилга барих явц үргэлжилж байгаа талаар иргэд мэдээлж байна.
БЗД-ийн 4 дүгээр хороонд байрлах энэхүү талбай нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшилд буй. Бид энэ асуудлын мөрөөр нэг сарын өмнө Газар Ашиглалт Бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галаас тодруулахад, "ААН-ийн эзэмшилд байгааг нь хүчингүй болгоод, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийтийн эдэлбэрт авах ажлыг тусад нь хийнэ. Тэгэхээр он дуусахад тэр газар нийтийн эдэлбэр болно. Газрын эрх цуцлагдангуут давхар барилга барих эрх нь ч цуцлагддаг. Тэгэхээр тун удахгүй ирэх долоо хоногийн сүүлээр эсвэл тэрний дараа долоо хоног гэхэд газар эзэмшлийн эрх цуцлагдана. Нэг сарын дотор бид ХБХ хийж цуцалсан шийдвэрээ гаргана" гэж байсан ч өнөөдрийг хүртэл сураг ажиггүй байсаар байна. Үүнд иргэд бухимдаж тухайн талбайг нийтийн эзэмшил болгохыг шаардаж буй юм.