УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад аравдугаар сард нөхөн сонгууль явуулна. Сонгогчдийн боловсролд зориулж нэр дэвшигчдийн намтар болон нэр холбогдож байсан дуулиануудыг цувралаар хүргэж байна.
С.Эрдэнэ даргатай Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг, 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлэхээр тогтсон.
12 ЖИЛИЙН ДАРАА АНХ УДАА АН-Д ХЭНТИЙЧҮҮД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН
Хэнтий аймагт АН-аас өрсөлдөхөөр зэхэж байгаа Б.Гарамгайбаатар гэгч хэн бэ?
Хэнтийчүүд ардчиллын түүхэнд 2000 оноос хойш нэг ч удаа АН-ынхныг сонгоогүй. Харин 2012 онд 12 жилийн дараа анх удаа АН-аас Б.Гарамгайбаатарт итгэл хүлээлгэсэн. Тус аймагт ялалт байгуулсан Б.Гарамгайбаатар гишүүн АН-ын бүлгийн даргаар өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд ажилласан.
Б.Гарамгайбаатар нь өнгөрсөн УИХ-ын сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ялагдсан юм.
АТГ-Т ГУРВАН ЖИЛИЙН ТУРШ ШАЛГАГДАЖ БАЙСАН
Түүний хувьд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ганцхан удаа сонгогдон ажилласан. Энэ хугацаанд тэрбээр Эдийн засгийн байнгын хороог даргалав. Хөгжлийн банкнаас ч хувийнхаа компанид зээл авсан. Тухайн цагт Н.Алтанхуягийн Засгийн газар “Чингис” бонд босгоод ирчихсэн, АН-ын данстай эрх мэдэлтнүүд өөрийн хөрөнгө шиг цацаж байсныг хэлүүлэх юун. Б.Гарамгайбаатар дөрвөн жил парламентад суухдаа хувийнхаа бизнесийг хөгжүүлсэн, улсад хохирол учруулсан, луйвардсан гэхээс өөр нэр зүүгээгүй юм
Нэр дэвшигчийн намтар түүхийг сөхвөл эрх мэдлээ ашиглан улсаас их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт холбогдож, АТГ-т гурван жилийн турш шалгагдаж байсан. Хэргийг тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, хуучнаар Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан.
Урт хугацаанд үргэлжилсэн энэ хэрэг өнөөдрийн байдлаар нэг талдаа гарсан учраас тэрээр дахин төрд ажиллахаар зүтгэж байгаа нь энэ.
“ГАРАМГАЙБААТРЫН ЗАМ” БУЮУ НЭГ ЖИЛИЙН НАСГҮЙ ЗАМ
Тэгвэл итгэлээ өгч сонгосон Хэнтийчүүдэд ч нэр нүүргүй болжээ. Учир нь түүний үүсгэн байгуулж, өдгөө хүүгийнх нь нэр дээр байдаг “Монроуд” компанийн төр, түмэнд тарьсан балаг нь балраагүй байна. Тухайлбал тус компани Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх хатуу хучилттай авто замыг тавих гүйцэтгэлийг хийсэн ч нэг жил хүрэхгүй хугацаанд эвдэрч, явах аргагүй болсон. Осол аваар ч гарсан, олон жил Хэнтийчүүдийн хараалыг барсан. Ядахад тэр 37.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 100 километр зам барих ажлыг 9.1 тэрбумаар нэмэхийн тулд Засгийн газар, Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр зэрэг хүмүүстэй үгсэн хуйвалдаж мөнгөө нэмүүлсэн байдаг. Эрх мэдэлд байх үедээ тэр зөвхөн Жаргалтхаанаас Өндөрхаан хүртэлх зам ч биш, Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам барих тендер авсан ч замаа мөн чанаргүй барьсан. Зуслангийн чиглэлд ч зам тавьсан гээд олон зүйл яригдана.
2018 оны дөрөвдүгээр сард АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис нарыг шалгаж байсан ч прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгожээ.
ГАДНЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУУЛЬ БАТЛАХАА ШАХСАН НЬ
Б.Гарамгайбаатар хэсэг гишүүний хамт Газрын тухай хуулийн шинэчилсэн төсөл боловсруулж, тус хуулийн Ажлын хэсгийн ахлагч явлаа. Гэвч түүний ахалсан хуулийн төсөл гадаадын иргэдэд газар олгохыг зөвшөөрсөн, эзэмших хугацааг сунгах боломжоор хангасан эх оронч бус, байж боломгүй заалт олонтой хэмээгдэн олны эгдүүцлийг хүргэж, жагсаал цуглаан хийхэд хүргэж байв. Тодруулбал, Газрын тухай хуулийн төслийн 15.5-д "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдана” гэж тусгажээ. Мөн 27 дугаар зүйлд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, барьцаалах эрхийг нь нээж өгөхөөр тусгасан байна. 2.3 дахь заалтад газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхэд маргаан, асуудал үүсэхэд Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр тусгасан байвал түүнийг дагаж мөрдөнө гэж. Тухайн үед уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Ямар эрүүл саруул хүн тусгаар тогтнолынхоо үндэс суурь болсон газрын тухай хуулийг олон улсын гэрээгээр шийднэ гэж явах юм бэ. Газартай холбоотой асуудал хуулиараа л бүрэн шийдэгдэх ёстой” гэж байв.
Хамгийн гол асуудал нь гадаадын иргэнд газар эзэмших эрх нээж өгөөд, эхний удаа 60 жилээр олгох. Улмаар 40 жилээр сунгах бололцоо бүрдүүлэхээр тус хуульд оруулсан нь Б.Гарамгайбаатар тэргүүгэй хүмүүсийн бусдын лоббинд автсаныг илэрхийлж байна гэх хүн цөөнгүй байв. Гэвч уг хуулийг 2014 оны зургадугаар сарын 20-ны өдөр эргүүлэн татсан юм.
Эх сурвалж: 2017 он “Үндэсний шуудан” сонин
БАТХҮҮГИЙН ГАРАМГАЙБААТАРЫН НАМТАР
Төгссөн сургууль, мэргэжил:
1965 – 1973 онд Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн дунд сургууль
1973 – 1977 онд Улаанбаатар Төмөр замын техникум Засвар үйлчилгээний техникч, механикч мэргэжлээр
1985 – 1990 онд Политехникийн дээд сургууль Механик инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол:
Удирдахуйн ухааны магистр
Ажилласан байдал:
1977 – 1979 онд ШУА-ийн химийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний туслах ажилтан
1981 – 1985 онд Монгол Улсын Их Сургуулийн Политехникийн дээд сургуулийн Авто тээврийн тэнхимд сургалтын мастер
1990 – 1992 онд Армийн засварын төв үйлдвэрт инженер зохион бүтээгч
1993 – 1995 онд Монгол шуудан банканд менежер
1995 – 1996 онд "Инч" ХХК-ий захирал
1996 – 1999 онд "Эм Пи" ХХК-ий гүйцэтгэх захирал
1999 – 2000 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто замын газрын дэд дарга
2001 – 2008 онд "Монроуд" ХХК-ий ерөнхий захирал
2010 – 2012 онд Авто Замын Үндэсний Асиоциацийн тэргүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
Шагнал:
2006 онд Монгол Улсын тэргүүний замчин
2010 онд Алтангадас одон
2011 онд Тусгаар тогтнолын одон
Гадаад хэл:
Англи, орос