Бүгд найрамдах Франц Улс бол Монгол Улсын оюун санааны гуравдагч хөрш юм. Шинэ парламент байгуулагдснаас хойш анхны зочид Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчид байлаа. Төлөөлөгчдийг өнөөдөр УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн хамт хүлээн авч уулзав.
Франц Улс манай улсын ардчиллыг тууштай дэмжиж ирсэн агаад ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсээрээ бид нэгдэж, хамтран ажиллаж ирсэн. Мөн манай улсад цар тахлын хүнд нөхцөлд эм, эмнэлгийн хэрэгсэл буюу хүчилтөрөгчийн эмчилгээний иж бүрэн техникийн тусламж үзүүлсэн билээ. Мөн КОВАКС хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 242 сая ам.доллараар санхүүжүүлээд байна.
Манай улс Франц Улстай эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааны төвшинд хүрэх хүсэл эрмэлзэл байна.
Франц-Монголын Сенат дахь хоёр улсын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй хэлэхдээ, үнэт зүйл, түүх, соёлын хувьд холбоотой улс орнуудын хувьд өнгөрсөн болон одоо, ирээдүйн хамтын ажиллагаа харилцан өгөөжтэй, үр дүнтэй үргэлжлэхийг хүсч байна.
Монгол Улсын хөгжил дэвшилд Франц Улсын чухал үүрэгтэй оролцож, тусалж, дэмжиж хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлэв. Хоёр улсын парламент хуулийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа харилцан туршлага судлах, хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн төвшинд хүргэхэд манлайлан ажиллахад санал нэгдлээ.
2024 онд Франц Улсад болох олимпийн наадамд монголын тамирчдыг амжилттай оролцоход Сенатын эрхэм гишүүд тусалж, дэмжихээ илэрхийлсэн юм.
Цар тахлын хүнд нөхцөлд богино хугацаанд, үр дүнтэй айлчлалыг зохион байгуулсан хоёр парламентын найрамдлын бүлгүүдийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Филипп Мүэй нарт талархаж буйг УИХ -ын дарга илэрхийлэв.