Гадаад хэл сурна гэхээр л “толгойн өвчин” мэтээр хүлээж авдаг хүмүүс олон бий. Тэгвэл бид энэ удаад гадаад хэлийг хялбар аргаар биш харин өөрт тохирсон аргаар суралцаж хүссэн хэлээ хэрхэн эзэмших талаар зургаан хэл бие дааж сурсан “Zenith” сургалтын төвийн үүсгэн байгуулагч С.Марал-Эрдэнийн дөрвөн зөвлөгөөг хүргэж байна.
НЭГДҮГЭЭРТ ХУРДАН СУРАХ ГЭЖ ЯАРАХАА БОЛЬ
Гэнэт шийдвэрээ гаргаад өнөө маргаашгүй гадаад хэлийг хоёр сарын дотор гялс сурмаар байна гэж хүмүүс их ханддаг. Жишээлбэл, манай нэг найз чи сургалтын төв ажиллуулдаг юм чинь намайг хоёр сарын дотор сургаад өг гэж хэлж байсан. Би наадах чинь боломжгүй. Чи нэг үг хараад шууд тогтоодог өндөр IQ, гоц ухаантай л биш бол боломжгүй гэж хэлж байсан. Тэгээд жилийн дараа нөгөө хүнээсээ зорилго чинь яасан бэ хэлээ сурсан уу гэж асуухад үгүй гэсэн. Тиймээс тайван, бодлоготойгоор төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Жишээлбэл, гадаадад суръя гэж бодож байгаа бол 2-3 жилийг төлөвлөж түүндээ өөрийнхөө цагийг зарцуулах шаардлагатай.
ХОЁРДУГААРТ СУРЧ БУЙ ХЭЛЭЭ ӨДӨР БҮР ХЭРЭГЛЭХ
Хоёр дахь нь хэлийг хэрэглээндээ байнга нэвтрүүлэх хэрэгтэй. Би жишээ нь англи, орос хэлийг өдөр бүр ажилдаа хэрэглэдэг. Бусад сурч байсан хэлнүүдээ хэрэглэхгүй мартах асуудал гараад байдаг. Тиймээс мартахгүйн тулд өдөр бүр өөртөө ямар нэг зорилго тавьдаг. Жишээлбэл би Хятад хэл дээр Петр Дракерийн “Яаж үр бүтээлтэй менежер болох вэ” гэсэн номыг өөртөө өдөрт 15 минут зарцуулаад орчуулдаг. Энэ нь нэг талаараа Хятад хэлнийхээ үг хэллэгийг сайжруулж байна. Нөгөө талаараа их юм сурч мэдэж байгаа юм.
ГУРАВДУГААРТ ТУУШТАЙ БАЙ
Нэг жил хэл сурч байснаа тэрийгээ хэлтэй болчихлоо гэж бодож бодохгүй. Түүнийгээ өдөр бүр давтаж өнгөлж сайжруулж байх хэрэгтэй. Үг цээжлэх тийм сайн арга биш. Үг цээжлэхгүйгээр хэлтэй болох арга гэж байхгүй. Гэхдээ үг цээжлэхийг номер нэгт тавих асуудал биш. Үгээ цээжлэх гэж байгаа бол арай өөр аргаар цээжилнэ. Жишээлбэл өгүүлбэр байдлаар цээжлэх эсвэл тэр үгтэйгээ олон удаа тааралдахын тулд ном байдлаар уншиж цээжилнэ. Түүнээс биш дан ганц үг энд тэнд бичээд түүнийгээ холбож ярьж чаддаггүй. Бусадтай ярих гэхээр манайханд тулгараад байдаг нэг асуудал нь үгээ мэддэг ч холбоод ярих гэхээр чаддаггүй. Тэр нь хөшүүн хуучны бараг 70-аад оны хэрэглэгдэж байсан аргад тооцогддог. Тэгэхээр үг цээжлэхдээ өгүүлбэрт оруулж эсвэл, ямар нэг ойролцоо утгатай үгтэй жишиж бүтээлч байдлаар цээжлэх нь үр дүнтэй.
ДӨРӨВДҮГЭЭРТ СУРАХ АРГА БАРИЛАА ТОДОРХОЙЛ
Өөрийгөө ямар ойгоор хүлээж авч байгаагаа эхлээд сайн мэдэрнэ гэсэн үг. Ярих, унших, сонсох, бичих гэсэн дөрвөн чадварыг нэгтгэсэн нэг арга бол чанга ярих арга юм. Чанга ярих нь өөрөө ярьж байна. Дээрээс нь харж байж чанга ярина. Ярьсан зүйлээ өөрөө сонсож байгаа учраас дөрвөн ур чадварын гурвыг нь ашиглангаа үгээ тогтоож байна гэсэн үг. Толинд харж ярих эсвэл утсан дээрээ дуугаа хурааж чангаар ярьж бэлдэх нь өөрийн сандрал, стрессийг даван туулах нэг арга. Ер нь өөрөө өөртэйгөө монолог байдлаар чанга ярих нь маш үр дүнтэй.