Монголын боксын холбооны Удирдах зөвлөл 2021.09.09-нд хэвлэлийн бага хурал хийж, “Спортоор тамирчин хүн гавьяа байгуулахаас гадна зөв хүн болж төлөвшиж хүмүүжих шаардлагатай. Өмнө нь Э.Цэндбаатарыг зөндөө уучилсан. Тиймээс боксын холбоо Э.Цэндбаатарыг үлгэр дуурайлал болгон бэлтгэл хийж байна. Гэтэл муу үлгэр дуурайлал үзүүлээд байвал яах вэ. Ямар ч гавьяат хөдөлмөрийн баатар байсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Цаашид илүү сахилга баттай байна. Тиймээс өчигдөр ийм шийдвэр гаргалаа. Зодоон болсон асуудлыг цагдаагийн байгууллага илүү мэдэх байх. Шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар шөнийн 2 цагт согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийж болохгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж байхад согтууруулах ундаа хэрэглэх нь ёс зүйгүй үйлдэл. Тиймээс ийм шийдвэр гаргалаа. ДАШТ эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Э6Цэндбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн маш том алдаа гаргалаа. Иймд шигшээ багаас хасахаар шийдвэрлэж байна” гэсэн юм.
Харин Э.Цэндбаатар УЛААН БАЛ нэвтрүүлэгт ярилцлагад орох үеэрээ “боксчин хоёр ах намайг зүгээр байхад зодсон, Х.Нямбаатар холбооны ерөнхийлөгч болж, архидалт болсон. Миний гавьяатын тэмдгийг хоёр гурван хэсэг болгон хуваасан” гэж ярьсан юм. Мөн УЛААН БАЛ товч тойм нэвтрүүлгээрээ Э.Цэндбаатарын бусдад зодуулж буй бичлэгийг дэлгэж, цахим орчинд иргэд хоёр хуваагдсаар байгаа юм. Э.Цэндбаатарыг зүгээр байхад нь зодож гэмтээсэн байна, эрүүгийн хуулийн дагуу түүнийг зодсон хүмүүст хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж байгаа бол нөгөө хэсэг нь Э.Цэндбаатар өөрөө архи ууж, шөнө дөлөөр гадуур явж бэлтгэлээ тасалж сахилга бат алдсан нь буруу гэж буй.
Харин 2021 оны 09-р сарын 13-ны 00:25 цагт Монголын үндэсний олимпийн хорооны дарга, УИХ-ын гишүүн, МАН-ын УЗ-ийн гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг “Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчхоод олон юм яриарай” хэмээн жиргэсэн нь олны гайхшрал төрүүлээд байна.
Учир нь Э.Цэндбаатарыг аав ээждээ хаягдсан гэж байгаа юм уу, өөрийгөө хэлж байгаа юм уу. Э.Цэндбаатартай дээрээс ихэрхүү харьцлаа зэргээр цахим орчинд яриа өрнөж байна. Б.Баттүшиг энэхүү жиргээгээ тун удахгүй устгасан юм.