Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.
Сэтгэл зүйн төрлийн энэхүү жүжгийг ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулах юм. Тэгвэл жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва тоглох болжээ. “Guys” хамтлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө LVA энтертайнмент байгуулан “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж”, “1990” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэснээр нь Д.Лхагвыг үзэгчид андахгүй.
“Гэм зэм” жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрсөн өдрөөр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгох юм байна.