Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэллээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар 232 мянга гаруй иргэн халдвар авч, 963 хүн халдварын улмаас нас барсан. Аюулт цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ардаас харамсан гашуудаж байна. Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цар тахлаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх чиглэлээр төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр Монгол Улсад хийгдэж буй дархлаажуулалтын ажил харьцангуй хурдтай явж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Нийт хүн амын 65 хувь нь буюу 2.1 сая хүн хоёр дахь тунд бүрэн хамрагдсан. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудын эхний аравт багтаж байна. Засгийн газар гурав дахь тунгийн вакцинжуулалтыг наймдугаар сарын 30-аас эхлүүлсэн. Бүх зүйл санасны дагуу сайн сайхан байсангүй. Бидэнд урьдчилан тооцоолох боломжгүй олон асуудал байсан. Тооцоолж чадаагүй олон саад бэрхшээл гарсан. Цаашид цар тахлын үед олж авсан ололт, амжилт алдаа дутагдлаас суралцаж сургамж авч үнэлэлт өгч бодлого стратегиа илүү зохион байгуулалттай тодорхойлно.
Дархлаажуулалт нь цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тус болно.
Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт үр дүнтэй нэгдмэл хамтын ажиллагаа харилцан ойлголцол өмнөхөөс илүү чухал байна. Тиймээс та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн ёсоор хандаж хийрхэн улстөржиж хэрүүл тэмцлээс ангид байж бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал дарамт шахалтыг халж сахилга бат, дэг журмыг чанд сахиж ажиллах шаардлагатай байна.
Цар тахлын улмаас өнгөрсөн онд эдийн засаг 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өсч, сэргэлт ажиглагдаж эхэллээ.
Энэхүү сэргэлтэд эдийн засгийн гадаад орчин нэлээн нөлөө үзүүлсэн. Засгийн газар 2020-2021 онд 7.8 их наяд төгрөгийн өртөгтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд айл өрх, ААН-үүдийн цахилгаан, дулаан хогны төлбөрт 1.1 их наяд төгрөг зарцуулсан. Энэ нь цар тахлын хүнд үеийг даван туулахад ихээхэн дэмжлэг болсон хэмээн ард иргэд талархан ярьдаг. Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөнд өнөөдрийг хүртэл 3.6 их наяд төгрөгөөр эдийн засгаа дэмжиж 245 мянган ажлын байрыг хадгалсан нь богино хугацаанд чамлахааргүй үр дүн юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрт байгаа төсөв хөрөнгийн бүхий л боломж нөхцлөө дайчлан улсынхаа эдийн засаг түүний дотор айл өрх, ААН-ээ дэмжиж байна гэсэн үг. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон санхүүгийн байгууллагуудын дүгнэлтээс харвал Монгол Улс нэн ялангуяа бага, дунд орлоготой иргэдийн орлогыг хамгаалахад тодорхой үр дүнтэй ажиллаж байна хэмээн удаа дараа онцлон тэмдэглэсэн. Гэхдээ бодит амьдрал дээр бүх зүйл сайн сайхан болчихсон мэт огт бодож болохгүй. Бидэнд засч залруулж, хийж хэрэгжүүлэх олон асуудлууд хүлээж байна. Төр засаг багагүй төсөв зарцуулсны үр дүнд эерэг үзүүлэлтүүд гарч байгаа хэдий ч цар тахлын аюул хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Цаашид иргэдийнхээ бодит орлогыг өсгөх, хэрэглээг нь дэмжих, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, төрийн албаны хүнд суртал, авлигыг таслан зогсоох шаардлагатай байна. Тиймээс улс орны эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрхзүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал.
Иргэн баян бол улс баян гэдэг үг бий. Судалгаанаас харахад сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан хэдий ч хүн амын 3/1 нь ядуу хэвээр байна. Тиймээс ядуурлыг бууруулахад онцгой анхаарч, ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болох зорилтыг тавьж хамтдаа ажиллацгаая. Энэ зорилтыг хангахын тулд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж хамтран ажиллана. Тэдэнд тусалж, аливаа эрсдэлээс хамгаална. Ажиллаж, амьдрах эрхзүйн таатай боломж нөхцөлийг олгоно. Энэ бол төр засгаас хийх ёстой ажил.