Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар боллоо. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар нэмэлт тун хийлгэх иргэнд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна.
Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 66, II тунд 247, нэмэлт сэргээх тунд 1708, нийт 2021 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2825 (23.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 63.711 (71.7 хувь), 16-17 насны 25.359 (74.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.