Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлан гаргасан үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Монголын боксын холбооны шийдвэрт би ерөөсөө харамсахгүй байна. Тус холбооны шийдвэрээр миний дэлхийн аваргад л оролцох эрхийг хассан болохоос биш бокс тоглох эрхийг хасаагүй. Би боксдоо хайртай. Үе үеийн боксчид болон боксын холбооноосоо уучлалт гуйж байна. Би өөрийнхөө алдаанаас болоод архи ууж, тамирчин хүний хувьд зөрчил гаргасан. Би ч тэдний оронд байсан бол тамирчиндаа сахилга батын хариуцлага тооцож, дэлхийн аваргад оролцуулахгүй байх шийдвэрийг гаргах байсан. Хоёрт нь, тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод дараа нь бид Х.Нямбаатар ерөнхийлөгчтэй хоолонд орсон. Тэр үед ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл байгаагүй. Зургаан цаг гэж хоолонд ороод долоон цагт тарсан. Би дээд үеийн ах нартайгаа нийлээд тавуулаа өөр газар очиж, ууж идсэн. Тэгээд л ийм асуудал гараад ирсэн. Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар болон Э.Бадар-Ууган ах нар руу битгий дайраарай. Боксын холбооны шийдвэр зөв. Биднийг уулгасан зүйл байхгүй ээ. Намайг зодсон хоёр ахдаа гомдол санал байхгүй ээ. Маргааш нь би цагдаа хүчний байгууллага дээр очоод гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Архинаас л болсон. Тэр архийг уусан нь миний буруу. Би гэмшиж байна. Удахгүй дэлхийн аварга болох гэж байна. Өнөөдөр сорил нь дуусч байна. Шинэ залуу үеийн дүү нар минь гараад ирлээ. Ах нь бэлтгэл хангагч болоод дүү нартаа туслана. Миний дүү нар дэлхийн аваргаас медаль авна гэдэгт 100 хувь итгэж байна” хэмээв.