Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын харьяа Үндэсний лавлагаа лабораторийн эрэгтэй ажилтан тухайн газарт ажилладаг эмэгтэйг ажлын байран дээр нь хүчиндсэн хэрэг гарчээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар тодруулахад "2021 оны наймдугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ахлах мэргэжилтэнээр ажилладаг У гэгчид хүчиндүүлсэн гэж тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн Х гэгч өргөдөл гомдол гаргасан байна.
Цагдаагийн байгууллага иргэн Х-ээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2021 оны есдүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.
ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
12.1 дүгээр зүйл. Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үндэсний лавлагаа лабораторийн захирал Б.Амар Зариг.мн сайтад “Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хэргийг шалгаад 14 хонож байна. Бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэгт холбогдсон ажилтан ажлаас чөлөөлөгдсөн. Цар тахлын үед манайх 24 цагаар ажилладаг хүмүүс олон байгаа” гэжээ.