Коронавирусийн халдварын улмаас цусны донорын тоо буурсан нь дэлхий дахинд цусны хомсдолыг улам бүр нэмэгдүүлж байгаа. Монголд ч ялгаагүй цусны хангамж муутай байгаа энэ үед Нэгдсэн Үндэсний Байгууллагын түнш байгууллага болох “WeLoveU” Олон улсынбайгууллага цусны хангамжийг тогтвортой байлгахад хувь нэмрээ оруулж, цус хандивлах арга хэмжээг өргөн цар хүрээд зохион байгуулж байна. Энэ сарын 9-ний өдөр WeLoveU-н 130 гаруй гишүүд, тэдний гэр бүл, танил дотно хүмүүс Цус сэлбэлт судлалын үндэсний төвд халдвар хамгааллын дэглэм дор цусаа хандивлалаа.
Үйл ажиллагааны үеэр ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр “Өнөөдөр олон улсын “WeLoveU” байгууллага ЦССҮТ-тэй хамтран цусны донорын аяныг өрнүүлж байна. Өмнө ч бас бид хамтран олон удаа цус хандивлах аяныг өрнүүлж ирсэн. Энэ удаад үйл ажиллагаагаа өргөжүүлэн тус байгууллагын гишүүд болон тэдний гэр бүл, хамаатан садан, найз нөхөд гээд олон хүмүүсийг уриалан энэ хүнд хэцүү цагт цусаа хандивлаж байгаад талархаж байна. Дэлхийн олон улс орныг хамарсан энэхүү донорын аяныг амжилттай зохион байгуулж байгаа Олон Улсын “WeLoveU” байгууллагын тэргүүн Зан Гил Жа танд талархаж байгаагаа илэрхийлэе. Бидний хамтын ажиллагаа үүгээр зогсохгүй цаашдаа улам өргөжин хамтдаа байнгын цусны доноруудыг бий болгох болно гэдэгт итгэлтэй байна” гэж талархлаа илэрхийллээ.
Тухайн өдөр хандивласан цусны нийт хэмжээ 40 литр орчим болсон байна.
WeLoveU-н гишүүн СТА жүжигчин М.Дорждагва “Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хөдөлгөөнийхөө гишүүдтэйгээ нэгдэн цусаа хандивлах хөдөлгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Цусыг юугаар ч орлуулж чадахгүй. Шинжлэх ухаан ямар ч түвшинд хөгжсөн бай цусыг үйлдвэрлэх боломж байхгүй гэдгийг тогтоосон байдаг. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт үнэгүйгээр, баяртайгаар цусаа өгдөг цусны үйлдвэр шиг байгууллага бол “WeLoveU” юм гэдгийг хэлэхэд таатай байна” гэлээ.
Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл дэлхий, хүн төрөлхтний ирээдүйн төлөө өрнүүлж буй “Save the World” төслийн нэг хэсэг бөгөөд наймдугаар сарын дунд үеэс есдүгээр сарын дунд үе хүртэл зохион байгуулагдах юм. Энэтхэг, Бразил, Перу, Австрали, Өмнөд Африк зэрэг цусны хомсдолтой орнуудад төдийгүй Монгол улсад ч ихээхэн тус нэмэр болж байгаа. Энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа ард иргэдийн цусны донорын талаарх мэдлэгийг дээшлүүлж, оролцохыг уриалснаар аюулгүй амар тайван, тогтвортой нийгмийг бүрдүүлж, нэг хүний амь аврах үнэ цэнийг хүмүүст ойлгуулах зорилгын дор сайн дураараа нэгдэн оролцдогоороо онцлогтой юм.