Ц.Сугаррагчаа: Эхнэрээ хөл дээр нь босгоод гурван хүүхдээ инээж байхыг хармаар байна
Гурван хүүхдийн ээж залуухан бүсгүй Д.Сэлэнгэ өнгөрсөн долоодугаар сард элэгний церроз хатуурал хэмээн оношлогджээ. ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тэрбээр яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа учраас “Сэлэнгэ бүсгүйд амьдрал бэлэглэе” аяныг өрнүүлээд байна. Та нэгэн сайхан гэр бүлийг элэг бүтэн амьдрахад нь тус болохыг хүсвэл “3000 төгрөг нэг амь Элэг бүтэн амьдрал” хандивт нэгдээрэй.
Түүний нөхөр Ц.Сугаррагчаа: Хүн мөнгөгүй байж болно, хоосон хонож болно. Хамгийн гол нь хүнд хайр чухал юм билээ. Би ямар ч байсан эхнэрээ хөл дээр нь босгоод гурван хүүхдээ инээгээд сууж байхыг нь хармаар байна. Би бага охиндоо аваад унтдаг. Заримдаа манай дүү хардаг, дүүтэй унтдаг. Ээжийгээ л их санадаг. Заримдаа цээж самардаж ч байх шиг.
Бид хоёр анх тавдугаар сарын 2-нд вакцин хийлгээд тавдугаар сарын 7-ноос эмнэлгээр явж эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт элэг жаахан өөрчлөлттэй байна гэдэг оноштойгоор 10 гаран хоног хэвтэн эмчлүүлсэн. Гэртээ гараад зургаадугаар сарын 20-н дахин шинжилгээ өгөхөд элэг шоконд орсон байдалтай байна гээд “Номуун” эмнэлэгт очиж хэвтсэн. “Номуун” эмнэлэгт долоо хоног хэвтээд унтаараад, тархины шоконд орлоо гэж эмч нар хэлсэн. 13 хоног тийм шоконд орсон байдалтай гуравдугаар эмнэлэг рүү шилжиж эмчилгээ хийлгэсэн. Тэнд хэвтэж байхад долоодугаар сарын 1-нд элэгний цирроз гэдэг оношийг тодорхойлж өгсөн. Одоогоор элэгний цирроз хатуурал гуравдугаар зэрэгтэй гэж оношлогдсон. Энэ нь хатуурсан элэг буцаж сэргэхгүй. Ганц найдвартай арга нь элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар.
Д.Сэлэнгэ: Элэгний цирроз гэдэг оноштой сүүлийн гурван сар тасралтгүй эмнэлгээр хэвтээд байж байна. Элэг яаралтай шилжүүлэн суулгахгүй бол найдваргүй гэсэн байгаа. Эхэндээ эмч намайг явцгүй гэж хэлж байхад хэцүү байсан. Өдөр ирэх тусам биеийн байдал нь муудаад байгаа. Одоо үр хүүхдүүдийнхээ төлөө эрүүл саруул болохыг маш их хүсэж байна. Хамгийн гол нь хурдан л хагалгаандаа орвол миний хувьд болох гээд байдаг.
Түүний нөхөр Ц.Сугаррагчаа: Өнөөдрөөс манай эхнэр Хавдар судлалын үндэсний төвөд шилжин эмчлүүлж байна. Хүн хоосон хонож болдог юм билээ. Мөнгөгүй алхаад их хол явж чаддаг юм билээ. Үр хүүхдүүдийнхээ дэргэд хоолтой ч хоолгүй ч, мөнгөтэй ч мөнгөгүй ч элэг бүтэн хүүхдүүдээ хараад инээгээд сууж байх л хамгийн гоё. Бид Турк, Солонгос руу материалаа явуулсан. Эхнэрийн минь эмчилгээнд урьдчилсан байдлаар 200-400 сая төгрөг хэрэг болох юм билээ. Нийт ард түмнээсээ нэг гэр бүлийг, гурван сайхан хүүхдийг ээжтэй нь инээгээд гүйж байх жаргалтай мөчүүдтэй нь байлгаж өгөөч ээ гээд та бүхнээсээ тусламж гуйж байна.
ХАНДИВЫН ДАНС 5810112913
Эзэмшигч: Ц.СУГАРРАГЧАА /нөхөр/
Утас: 99799816