Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны хажууд 2.4 га газар ямар ч ашиглалтгүйгээр 10 жил болсон талаар хорооны засаг дарга мэдээлсэн. Энэ хороонд төрийн өмчит сургууль цэцэрлэг байдаггүй. Тиймээc олон жилийн турш ашиглалтгүй байсан энэ газарт сургууль цэцэрлэг барих хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.
Энэхүү газар нь Сэргээн засах клиник эмнэлэг ХХК-ийн эзэмшилд байдаг. Эзэмшлийн таван жилийн хугацаа нь дууссан ч эзэмших эрхээ сунгуулахаар газрын албанд хүсэлтээ өгсөн байна.
ХУД 18 дугаар хорооны засаг дарга Д.Мөнхжаргал
“Эзэмшлийн хугацаанд ямар ч өөрчлөлт ороогүй миний мэдэхийн 10 гаруй жил ямар ч барилга байгууламж бариагүй. Манай иргэдээс өдөр болгон 2-3 хүн орж ирж байгаа. Манай хороонд улсын сургууль цэцэрлэг байдаггүй. Энэ талаар байнга хүсэлт тавьж орж ирдэг юм. Энэ асуудал дээр нийслэлийн газар зохион байгуулалтын алба руу бичиг өгөөд хариу албан бичиг авсан байгаа. Манай хороон дээр 0-17 насны 1720 хүүхэд байна. 0-5 насны 1160 цэцэрлэгийн насны хүүхэд байдаг. Хорооны хэмжээнд сургууль цэцэрлэг барья гэхээр газар байхгүй байна гэдэг. Байшин хороолол хэдий ч зээлтэй, боломжгүй хүмүүс маш олон бий. Өөр хорооны улсын цэцэрлэгт та хамруулаад өгөөч ээ гэдэг. Газрын тухай хуулиар ямар нэг барилга бариагүй бол улс мэдэлдээ авах ёстой гэдэг” хэмээв.
Бид тус хорооны иргэдтэй уулзлаа.
"Сайхан талбайг өгөх ёстой газарт нь өгч шийдээд үр хүүхдийг минь энд сургуульд явуулж байвал надад баяртай л байна. Бид яаж дандаа төлбөртэй сургуульд явуулах вэ дээ. Энэ жил 6 настай хүүхэд маань сургуульд орж байна. 130 дугаар сургууль руу л явна байх даа. Бас л хол"
"Бусад өөр хороод руу хамран тойрох хүрээ гээд хоёр сургуульд хуваарилагддаг. Хоёр сургууль нь болохоор багтаамж хүрэлцээ муутай гээд хүүхдээ хувийн сургуульд өгөх шийдэлд хүрч байгаа юм. Тэгэхээр энэ том талбайд сургууль цэцэрлэг барьж хэдэн хүн амтай билээ. Дараа дараагийн удаад ч хүүхдүүд сургуульд цэцэрлэгт орох хэрэгтэй болно. Энэ талбайг үнэхээр авмаар байна. 10 гаруй жил зэрлэгтээ баригдаад л байж байгаа газар."
"18 дугаар хороонд шинээр ирсэн оршин суугч. Энд чинь сургууль байдаггүй юм байна. Арай гэж "Хобби" сургуульд хоёр ачаа өгч байна шүү дээ. "Хобби" хувийн сургуулийн жилийн төлбөр хэд билээ. Улсын сургуульд өгчихвөл амар аа даа. Хуулийн дагуу л авсан байх энэ газрыг. Гэхдээ сүүлийн 10 жил үйл ажиллагаа явуулаагүй байна. Тиймээс эр зориг гаргаад буцаад манай хорооны мэдэлд өгчих гэж гуйж байна. Газар үнэтэй нь үнэтэй. Гэхдээ бидний хойч үе газраас илүү үнэтэй биз дээ"
"Миний сонссоноор хуучин хотын дарга асан Ц.Батбаярын төрсөн дүүгийнх нь эзэмшил газар. Би ч мөн сургуулийн насны хүүхэдтэй. Хувийн сургуульд нь өгье гэхээр төлбөр өндөр улсын сургуульд өгье гэхээр хүрэлцэхгүй"
Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа
"Сэргээн засах клиник төв ХХК-ий зүгээс манай дээр хүсэлт өгөөд 2018 оны оношилгооны төвийн барилга гэдэг зорилгоор архитектурын даалгавар авсан. Одоогийн байдлаар загвар зургаа батлуулаагүй явж байна. Газрын эрх, хугацааны талаар Газрын албанаас тодруулах боломжтой"
Бид Сэргээн засах клиник эмнэлэг рүү залгаж газрын эзэмшлийн талаарх мэдээлэл, мөн яагаад тэнд 10 жилийн хугацаанд ямар ч барилга барихгүй, хоосон хашаа байлгаад байгааг талаар асууя.
-Мэдэхгүй ээ. Би захирлын утсыг хамаагүй өгч болдоггүй.
-Тэгэхээр энэ талаар тайлбар өгөх боломжгүй гэсэн үг үү?
-Би юу мэдэх вэ дээ.
-Мэддэг хүнтэй нь холбоод өгөх арга байна уу?
-Алга байна.
Тухайн хороонд байдаг хувийн сургуулийн нэг болох "Хобби" сургуулийн нэг жилийн төлбөр нь 15 сая. Ингээд иргэд санхүүгийн дарамтад орж хүүхдээ сургах мөн хол зайтай сургуульд хүүхдээ сургах ийм хүндрэлтэй нөхцөлд орж байгаа. Иймд нийслэлийн Засаг дарга Д.Сумъабазар та иргэдэд тулгарсан асуудлыг анхааралдаа авч, шаардлагатай арга хэмжээг авч өгнө үү!