Аялж, зорьж очсон газраа гар утсандаа биш зурж буулгадаг барилгын архитектор мэргэжилтэй Б.Энхдөлгөөнтэй ярилцлаа. Түүний мэргэжил, сонирхол нь ийнхүү хамгийн их дурсамж үлдээсэн очих дуртай газруудаа зурж дурсамжаа хадгалж эхлэхэд нөлөөлжээ.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Б.Энхдөлгөөн гэдэг. Би 2020 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод барилга архитектурын сургуулийг төгссөн.
-Хэзээнээс зурж эхэлсэн бэ?
-Хоёр жилийн өмнөөс зурж эхэлсэн. Анх найзтайгаа Инстанбул хотоор аялж байхад бид хоёрын хамгийн сүүлд очихоор төлөвлөсөн газар нь Ortakoy гэх далайн эрэг дээр болон дүүжин гүүрний зэрэгцээ байрлалтай үнэхээр үзэсгэлэнтэй сүм байсан. Бид хоёр ямар метро, автобусанд сууж явахаа сайн мэдэхгүй байсан болохоор хотоо үзэнгээ алхаж явна гээд шийдчихсэн байсан юм. Тэгээд маш удаан алхаж байж зорьсон газартаа очих замдаа олон гоё газруудтай таарсан. Тэр газрууд миний амьдардаг Санкт-Петербург хоттой ижил төстэй газрууд байдаг болохоор би өдөр болгон сургуульдаа явдаг байсан минь санаанд орж амьдарч буй газраа илүү их хайрламаар санагдсан. Тэгээд аяллаасаа ирснийхээ дараа надад хамгийн их дурсамж үлдээсэн очих дуртай газруудаа зурж дурсамжаа хадгалж эхэлсэн.
-Одоо хаана ажилладаг вэ? Зурах чадвартайгаа хослуулж мэргэжлээ сонгосон уу?
-Барилга угсралт, интерьер дизайны компанид интерьер дизайнераар ажилладаг. Үндсэн мэргэжил маань архитектор болохоор хослуулж сонгосон гэж хэлж болно.
-Хаана, хаана очиж байв. Хүмүүс аялахаараа утсаараа л зураг дардаг шүү дээ. Таны хувьд зурдаг гэдгээрээ онцлог. Тэгэхээр очсон газраа зураг зурахдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-ОХУ-д сурч байсан Санкт-Петербург хотынхоо бараг бүх газраар нь зугаалж явсан. Ойролцоо байдаг Москва, Сочи хотуудаар мөн Турк рүү аялж байсан. Сэтгэлд тод үлдсэн газраа зурах дуртай болохоор эргээд харахаар маш дурсамжтай санагдаж сайхан мэдрэмж төрдөг.
-Тухайн газраа зураад суухад ойролцоогоор хэдий хэр хугацаа шаарддаг вэ?
-Оюутан байхад зургийн хичээл дээрээ тухайн зурах барилгынхаа дэргэд очоод байнга гар зураг зурдаг байсан. Хичээлийнхээ үргэлжлэх хугацаа буюу цаг гучин минутад багтаад зургаа дуусгадаг байсан. Одоо ч гэсэн адилхан тиймэрхүү хугацаа зарцуулж зурдаг.
-Таалагдсан газраа зурдаг уу?
-Би ганцаараа дуу сонсонгоо алхах мөн зураг дарах дуртай. Тэр үедээ таалагдсан газрынхаа зургийг хадгалж аваад дараа нь дэвтэр дээрээ буулгадаг.
-Очсон газраа зурахаас гадна өөр ямар төрлийн зураг зурах дуртай вэ?
-Сурагч байхаасаа хувцасны загвар гаргах, хувцас зохион бүтээх, оёх их дуртай байсан одоо ч бас сонирхлоороо загвар гаргаж эскиз зураг зурдаг.
-Аялсан газруудаасаа хот дотроо ч гоё зургууд зурсан байсан. Ер нь цаашдын зорилго, мөрөөдөл нь юу вэ?
-Улаанбаатар хотоороо зугаалаад зураг зураад гадаадад байдаг найзууд руугаа явуулахад хариуд нь заавал Монголд очиж үзнэ гээд маш гоё хариу ирдэг болохоор улам л зурах дуртай болоод байгаа. Миний мөрөөдөл маань их энгийн. Эрүүл энх байх, илүү олон сайхан газраар аялж үзэх мөн өөрийнхөө амьдралдаа хамгийн хайртай нь байх. Цаашдын зорилго төлөвлөгөөнд маань таван жил амьдарч байсан хотдоо эргээд очих байгаа. Миний хувьд Санкт-Петербург Оросын хамгийн үзэсгэлэнтэй яг л дэлгээстэй музей шиг хот. Тийм учраас хүмүүсийн очиж үзэх аяллын төлөвлөгөөнд заавал багтаасай гэж хүсэж байна.