Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ. Мөн холбооны зүгээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байна. Шигшээ багаасаа хөөгдсөн Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ” гэжээ.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, тамирчны сахилга хариуцлага алдсан гэж боксын холбоо үзжээ.
Өнгөрсөн долоо хоногт Боксын холбооны хурал болж, шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг сонгосон. Энэхүү хурлын дараа хэсэг боксчид "Наран" плазагийн зургадугаарт давхарт байрлах "New York Liberty" ресторанд зодолдсон хэрэг гарахад Э.Цэндбаатар холбогдон өөрийгөө зодуулсан гэж цагдаад дуудлага өгсөн байдаг.
Эргэн сануулахад, тэрбээр 2017 онд Хандгайт дахь бэлтгэлийн баазаасаа оргож, хотод шөнийн цэнгээний газар явж байгаад Э.Цэндбаатар бусдад зодуулж, машинаар мөргүүлэн биедээ хүнд гэмтэл авч байсан. Мөн 2020 онд Э.Цэндбаатар Орхон аймагт тэмцээнээр явж байх үеэр дасгалжуулагч, багшдаа зодуулсан хэрэг гарсан. Түүнчлэн өнгөрсөн онд гудамжаар нүцгэн алхаж шуугиан тарьсан юм.