Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар 09.08-ны өдрийн 00:50 цагт 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ нь Улаанбаатар орчимд хүмүүст чичирхийлэлт байдлаар мэдрэгдсэн. Тэгвэл энэ талаар одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Батсайхан мэдээлэл өглөө.
ЕСДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР 225 УДАА ГАЗАР ХӨДӨЛСӨН
Тэрбээр “2021 нэгдүгээр сарын 18-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын орчимд 6.5 магнитудын газар хөдөлснөөр Монгол Улсын газар нутаг дээр болж байгаа газар хөдлөлтийн тоо давтан хөдлөлттэй холбоотойгоор ихэссэн. Өмнө жилүүдэд зургаа хоногт нэг удаа 3.5-аас илүү хүчтэй газар хөдөлдөг байсан бол өнөөдөр энэ тоо гурав дахин нэмэгдсэн. Зөвхөн есдүгээр сарын байдлаар 225 удаа газар хөдөлсөн. Өмнө нь 6.5 магнитуд 1991 онд Сэлэнгэ нутагт ОХЖ-ын хилтэй ойр хөдөлж байсан. Үүний давталт хөдлөлтүүд 1995 онд 3.5 магнитудаар хөдөлсөн гэж сүүлийн давталт хөдөлгөөн байдаг. Өнөөдөр Хөвсгөл аймагт давтан хөдлөлт маш их болж байгаа. Тэр дотор 4-5, 6.2 магнитудын давтан хөдлөлт болсон байгаа" гэлээ.
Улаанбаатар хотод 2005 оноос газар хөдлөлтийн тоо эрчимтэй өссөн байна. 2003 онд нийслэл хотын орчимд ойролцоогоор 200 удаа газар хөдөлдөг байсан бол 2005 онд 450 болон нэмэгдэж байсан. Зарим жилүүдэд 2100 болсон бол ойрын хугацаанд 1300 давсан хөдлөлтэй байгаа тухай мэдээлсэн юм.
Газар хөдлөлт нэмэгдэж буй шалтгааны талаар тодруулахад "Монгол Улсын нутаг дэвсгэрт болж байгаа зонхилох газар хөдлөлтийн гол шалтгаанууд бол Энэтхэгийн хойгийн шахалт гэж хэлж болно. Энэ нь 30-40 сая жилийн тэртээгээс эхэлсэн процесс. Үүний шалтгаанаар Гималайн нуруу үүссэн. Байгаль нуурыг тэлэлтийн бүс гэдэг. Байгаль нуурын тэлэлт 30 сая жилийн өмнө эхэлсэн. Энэ нь явсаар 6-7 сая жилийн өмнө маш хурдан идэвхтэй процесс явагдсанаар тэлэлтийн бүс болж байгаа юм. 20-30 сая жилийн дараа энэ байдлаар үргэлжлэх юм бол энд нэлээд том далай үүсэх магадлалтай байна. Хөвсгөл нуур Байгаль нууртай хүйн холбоотой шүү дээ" гэж одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Батсайхан хэллээ.
Мөн тэрбээр "Бид 1957 онд анхны станцаа байгуулж, багажийн судалгаагаа эхэлсэн. Монгол улсын газар хөдлөлтийн станцын тоо 1970-аад онд найман станц байсан. Өнөөдөр бид 90 гаруй цэгээс 140-өөд станцаас нэгэн зэрэг мэдээлэл авч байгаа. Газар хөдлөлийн долгион өөрөө хүчтэй хөдлөхөд нэг гараас нөгөө газар руу ойролцоогоор Р долгион 6-7 км/сек-д зай туулдаг. S долгион буюу бидний ярьж байгаа хөнөөлт долгион бол 3.7 км зай туулдаг. Хаа нэг газар газар хөдлөхөд бүх станц бичихэд 1-2 минут болно. Үүний дараа 20-30 секундэд автоматаар бүртгэж аваад бид газар хөдөлснөөс 2 минутын дотор автомат бодолтоо хийдэг. Хамгийн түрүүнд ОБЕГ руу энэ мэдээгээ дамжуулдаг. Зарлан мэдээлэх асуудал ОБЕГ-ын функцэд багтдаг" гэлээ.
1990 оноос өмнө тооцоон дээр Улаанбаатар хотын чичирхийллийн зураг дээр нийт нутаг 7 баллын бүсэд хамаарагддаг. Баруун талдаа Туул голын хошуу руу 8 баллын бүс орж ирсэн байдаг. Тиймээс тухайн үед барьж байсан Улаанбаатар хотын барилгууд 7 баллын хүчтэй газар хөдлөлтийг даван туулах чадвартай хийгдсэн байдаг. Одоо харамсалтай нь энэ тоо бодит биш байсан. 2000 он гараад судалгаа хийх явцад Улаанбаатар хот 7-9 баллын газар хөдлөлийн аюултай бүс юм. Энэ нь газрын гадаргуун дээр 70 км үргэлжилсэн газрын хагарал байгаа Туул голын хажууд Хустайн нурууны зүүн талд. Дээр нь бидний тооцоон дээр зүүн талдаа байгаа Гүнжийн хагарал байгаа. Сансрын зураг дээр харахад ил харагдаж байгаа нь 10 орчим км газар хөдлөлтийн идэвхтэй хагарал харагддаг байна.
Өмнөх жилүүдэд 3.8 магнитудын газар хөдлөлт зонхилдог байсан бол сүүлийн 1-2 жил энэ тоо өсөөд магнитут нь 4.5, Баян талын газар хөдлөлт энэ жил 5.5 магнитут болсон. Энэ юуны дохио вэ гэвэл бага магнитутын газар хөдлөлт 5-6 болоход илүү газар хөдлөх магнитут өсөж байна гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр 6 магнитут гарсан газар хөдлөлт Улаанбаатар орчимд гарах нь гэсэн тооцоо байгаа. Өнөөдрийн 00:50 минутад Төв аймгийн нутаг дэвсгэр Жаргалантад Улаанбаатараас 125 км-т 5 магнитутын газар хөдөлсөн. Түүний дараа Баянхонгор аймагт 3.2 магнитутын газар хөдлөлт хэд хэд боллоо. Өнөөдөр гэхэд гурван удаа 3.5 магнитутаас илүү хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Улаанбаатар хотын Туул голоо дагасан газар дээр 8 баллын бүс байгаа. Уул руугаа 7 баллын бүс бий. 22-ын товчооноос цаашаа Эмээлт орчимтой ойрхон жижигхэн газар 9 баллын бүс байдаг байна. Энэ талаар одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Батсайхан "Саяын газар хөдлөлт гэхэд 4-5-аас илүү герцийн долгион зонхилж орж ирсэн. Өмнөх газар хөдлөлтүүд үргэлжилсэн байдлаар явагдсан. Сая болсон газар хөдлөлт богино хугацаанд хүчтэй цохилт болоод хэлбэлзэлд орсон" гэж тайлбарласан юм.