
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд өнөөдрийн шийдвэр гарч байна. Нийслэлийн төв захиргааны байрыг 2021 оны арванхоёдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлнэ. Тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах чиглэлийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болголоо" гэж мэдээлжээ.
Эхний ээлжид Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ, Захирагчийн ажлын албаны нийтдээ 900 гаруй албан хаагч Яармаг дахь шинэ барилга руу нүүнэ. Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргажээ.