Бага насны хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэн эрүүл, зөв хооллох нь эцэг эхчүүдийн хувьд багагүй асуудал болдог. Тэгвэл бид энэ удаад хоол зүйч С.Хулангаатай уулзан ээжүүддээ хүүхдэдээ хэрхэн шинэ хүнс танилцуулах талаар зөвлөгөө мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Хоол зүйч С.Хулангаа “Ээжүүд бид хүүхдэдээ үргэлж амттай, шим тэжээлтэй, сайн гэсэн болгоныг өгөхийг хүсдэг. Гэтэл хүүхдүүд тэр амтыг тэр болгон таашаадаггүй. Тэгвэл хүүхдэдээ яаж шинэ хүнсийг танилцуулах талаар бяцхан зөвлөгөө өгье.
НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ТУХАЙН ХҮНСЭЭР ХООЛ ХИЙХ
Энэ нь та хүүхэдтэйгээ хамт хоол хийхдээ шинэ хүнсээ танилцуулах юм. Жишээлбэл, өнөөдөр би хүүхдэдээ шар буурцаг танилцуулах гэж байгаа бол шар буурцгийг хамтдаа угааж цэвэрлэх явцдаа тухайн хүнсний бүтээгдэхүүний талаар ярилцана. Энэ буурцаг шар өнгөтэй юм байна. Амт нь ямар байгаа бол оо гэх мэтчилэн ярилцаад хамтдаа хоолоо хийх юм.
Хамт хийсэн хоолыг хүүхэд амтархан, дуртай иддэг. Энэ амт нь өөрөө хүүхдийн тархинд маш гайхалтай дурсамж болон үлддэг. Дараагийн удаа хүүхэд шар буурцгийг амтархан идэх болно.
ХОЁРДУГААРТ ШИНЭ ХҮНС ДУРТАЙ ХООЛЫГ ХАМТАД НЬ ХОСЛУУЛАХ
Дараагийн нэг арга нь та хүүхдэдээ шинэ хүнс танилцуулахдаа дуртай хоолтой нь хамт өгөх юм. Жишээ нь, та хүүхдэдээ өнөөдөр бууцай танилцуулах гэж байвал хүүхэд тань төмсөнд дуртай бол төмс, бууцайгаар хамтад нь амттай хоол хийнэ. Тэгэхдээ шинээр танилцуулж байгаа хүнсээ 30 хувь, хүүхдийнхээ дуртай хүнсийг 70 хувь байхаар хүнсээ бэлтгэн хоолоо өгөхыг зөвлөж байна.
ГУРАВДУГААРТ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ХООЛЛОХДОО АМЬД ХАРИЛЦАА ҮҮСГЭХ
Дараагийн нэг чухал зөвлөгөө бол бид шим тэжээлтэй амттай хоол хийсэн ч гэсэн ээжүүдийн гаргадаг нэг алдаа бол ширээний ард утас оролдох, эсвэл хүүхдэдээ утас өгөх, зурагт нь асаалттай байх зэргээр хоорондоо амьд харилцаа үүсэхгүйгээр хооллодог. Гэтэл хоол идэх процесс гэдэг нь тухайн хоолыг харж, үнэрлэж байж хүүхдийн тархи ажиллаж хоолыг илүү сайн боловсруулж шингээдэг. Тиймээс ээжүүдэд зөвлөхөд:
- Та ширээний ард хүүхдэдээ утас битгий үзүүлээрэй,
- Зурагт битгий асаагаарай байлгаарай.
Өөрөөр хэлбэл хүүхдэдээ заваарах боломжийг нь олгоорой. Хүүхэд нэг удаа асгаж магадгүй. Гэхдээ хоёр дахь удаагаа хүүхэд илүү цэвэрхэн идэж сурна. Бидний хүүхдээ хооллох гэж байгаа гол зорилго нь цэвэрхэн байх уу эсвэл таны хүүхэд хоолоо амтархан идэх үү гэдэгт та бүхэн анхаарлаа хандуулаарай.