УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулагдахаар товлосон.
Энэ удаагийн УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд 9 нам, 1 эвсэл, 3 иргэн бие даан дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд ХҮН-аас Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойрогт Б.Найдалааг нэр дэвшүүлэв. Тэрээр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүрэг буюу 25 дугаар тойргоос нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Энэ удаа тойргоо солин орж иржээ.
ХҮН-ыг МАН-ын халаасны нам гэж хардах хүн цөөнгүй. Гэсэн ч ХҮН-ынхан 2020 оны сонгуульд УИХ-д нэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гурван суудалтай болсон.
2016 оны гуравдугаар сард Хөдөлмөрийн үндэсний намын төв хорооноос мэдэгдэл хийж, намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг огцруулж, түүний оронд Б.Найдалааг томилж байгааг мэдэгдсэн. Ийн ХҮН-ын дараагийн даргаар Бадрахын Найдалаа томилогдсон юм.
ХӨГЖЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ, САНХҮҮЧ, ХҮН-ЫН ДАРГА Б.НАЙДАЛАА
Доржтойн овогтой Бадрахын Найдалаа, 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Гэр бүлтэй, Түүний гэргийг Б.Хулан гэдэг, хоёр охин, нэг хүүтэй. Түүний Доржтойн гэсэн ургийн овог нь өндөр өвөг Сүрэнжавын Дорж тойны нэрээс улбаатай. Түүний аав болон ээж талын өвөг дээдэс олон үеэрээ Увс аймгийн Завхан сум, Завхан болон Хүнгий голын адаг, Айраг, Хяргас нуур орчмоор нутаглаж ирсэн малчин монгол хүмүүс, хуучнаар бол Засагт хан аймгийн Сартуул сэцэн вангийн хошууны харьяат нар юм.
Б.НАЙДАЛАА ГЭЖ ХЭН БЭ?
Б.Найдалаа СЭЗДС-д Эдийн үасгийн онолын багшаар ажиллаж байсан. Япон улсад хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Анод банк болон Хаан банканд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, MCS групп, ЮнитеХХК-ийн Бизнес хөгжлийн захирал, MCS Холдинг ХХЗ Хөрөнгө оруулалтын ахлах менежер, МЭЗФ-ийн гүйцэтгэх захирал, 2012 оноос Монголын Банкны холбооны гүйцэтгэх захирал бөгөөд Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан эдийн засгийн салбарын нэгэн. Тэрээр сүүлийн жилүүдэд улс төрийн ажилд идэвхтэй оролцох болжээ.
ХҮН-ын дарга Б.Найдалаа 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Unuudur.mn сайтад өгсөн ярилцлагадаа “УИХ-ын сонгуулийн дараа би “Монгол Улсад улс төрийн гуравдагч хүчин төрлөө” гэж хэлсэн. Өмнө нь АН, МАН-аас тусдаа УИХ-д суудалтай болсон нам бий ч тэд хэзээ ч орон нутгийн сонгуульд ийм амжилттай оролцож байгаагүй. ХҮН нийслэлийн ИТХ-д гурав, дүүргүүдэд тус бүр 2-4 суудалтай болсон. Манай нам одоо УИХ, нийслэл болон дүүргийн ИТХ-д төлөөлөлтэй том баг. Энэ бол Монголын улс төрийн амьдралд гарч байгаа цоо шинэ үзэгдэл. Цаашид цаг хугацаа үүнийг улам тодруулна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн онцолж байв.
ТОВЧ НАМТАР
Төгссөн сургууль
- 2002-2004 Эдийн засгийн ухааны магистр, Хөгжлийн эдийн засагч, Кобэ их сургууль, Кобэ хот, Япон
- 1993-1997 Бизнес удирдлагын бакалавр, Санхүүч, бизнес судлаач, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
Үндсэн ажил
- 2016 – ХҮН-ын дарга
- 2016 – 2020 Ногоон зээлийн сан байгуулах төслийн зөвлөх, багийн ахлагч, УЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал, ТоС Холбоо
- 2012 – 2015 Гүйцэтгэх захирал бөгөөд ЕНБД, МБХ
- 2011 – 2012 Гүйцэтгэх захирал, МЭЗФорум
- 2009 – 2011 MCS групп: Хөрөнгө оруулалтын ахлах менежер, MCS Холдинг ХХК; Бизнес хөгжлийн газрын захирал, Юнител ХХК
- 2007 – 2009 ЭУГ-ын захирал, Хаан банк
- 2004 – 2007 ЭУГ-ын захирал, Анод банк
- 1997 – 2002 Багш, ЭЗ-ийн онол, эконометриксийн тэнхим, СЭЗДС
Мэргэшил, сонирхол
- Хөгжлийн эдийн засаг, улс үндэстнүүдийн хөгжлийн загвар
- Тогтвортой хөгжлийн загвар, ногоон болон тогтвортой санхүү, байгаль орчны санхүүжилт, хөрөнгө оруулалт
- Бизнес модель боловсруулах, төслийн менежмент
- Сонирхогч талуудын зохицуулалт, удирдлага, мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагын менежмент
- Түүх, газар зүй
ХҮН-ын дарга Б.Найдалаа ХОМ-ийг хүргэе.
- Өөрийн орлого: 158 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 17 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: 620 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн 2 орон сууц
- Тээврийн хэрэгсэл: 90 сая төгрөгийн үнэ бүхий Nissan жийп, Lexus, 570
- Хадгаламж: 41 сая төгрөг
- Авлага: 41 сая
- Зээл: 361 сая
- Үнэт эдлэл: 180 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл
- Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: ЭсДиБи ХХК-нд 120 ш хувьцаа