Төв аймаг энэ жил 161,2 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Ургац хураалтыг 21-25 хоногт ургацаа бүрэн хурааж авахаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулаад тариаланчдын ургац хураалтын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэ талаар Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Аймгийн ургац хураалтын штаб, сумдын ургац хураалтын штабууд ажилдаа орсон. Манай аймаг энэ жил 161,2 мянган га талбайд тариалалт хийсэн байгаа. 382,5 мянган тонн ургац авахаар урьдчилсан баланс гарч байна. 68 мянган га талбайд улаан буудай тариалсан. 44,1 мянган га талбайд таримал тэжээлийн ургамал, 12 мянган га талбайд төмс, 1600 га талбайд төмсний ногоо, 25 мянган га талбайд тосны ургамал тариалаад байна.
Улсын буудай тариалалтын 20 гаруй хувийг, төмсний 63 орчим хувийг, малын таримал тэжээлийн 50 гаруй хувийг тус тус үйлдвэрлэдэг аж. “Энэ жил аймгийн ургац хураалтад 8500 орчим хүн хүч шаардлагатай байна. Үүнээс бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо 5000 гаруй хүн хүчийг гаргаж байна. 3000 орчим хүн хүч дутаж байна. Үүнийг зэвсэгт хүчний жанжин штаб мөн их дээд сургуулиудтайгаа ярилцаж байна. Бусад аймгууд, нийслэлээс ажиллах хүн хүчийг судалж хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар 950 гаруй цэрэг ажиллахаар байна. ХААИС, МУБИС-иас 1000 гаруй оюутан ажиллахаар гэрээ хэлэлцээр хийгдэж байна” гэж Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэллээ.
Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улаан буудайн үрийн шинэчлэлтийг сайн хийсэн байгаа. Мөн аймаг хөгжүүлэх сангаасаа бид мөнгө гаргаж 300 тонн улаан буудайн элит үр авсан. Үүнийг иргэд ААН-үүдэд тариалуулсан. 4000 орчим тонн үр бэлтгэхээр төлөвлөсөн. Цаашдаа бусад бүхий л таримал үрээ нөөцлөх бодлого баримтлан ажиллаж байгаа талаар мөн хэлсэн юм. Тэрбээр энэ талаар “Нэг хүндрэлтэй зүйл бол манай аймаг улсын тэжээлийн 50 гаруй хувийг тариалдаг боловч хаврын тариалалтын үед үрийн дутмагшилт их орж байна. Таримал тэжээлийн үр дутуу байна. Энэ жил үрээ нөөцлөх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Үрийн аж ахуйдыг байгуулах дээр тал дээр аймаг сум ААН иргэддээ дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа” гэв.