Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
С.Наранцогт "Сангийн яамны зарим албан хаагчтай холбоотой, үндэслэлгүй мэдээлэл гарсан. Хотын дарга биднийг үндэслэлгүй гүтгэлээ. Энэ сарын 6-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдэл хийв. Тэрээр "Бид автобус худалдан авах тендер зарласан ч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга дөрөв дэх компанийг шалгаруул, эс бөгөөс АТГ-т өгнө гэсэн" гэжээ. Иймд бид хариу тайлбар өгөх зорилгоор энэ хэвлэлийн бага хурлыг хийж байна. Төрийн худалдан авах ажиллагаа буюу тендертэй холбоотой гомдлыг ААН-үүд маш их гаргадаг. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийтийн тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендер зарлажээ. Энэ тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч шалгарч чадаагүй нэг компани гомдол гаргажээ.
Төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгохын тулд бид цахим систем нэвтрүүлсэн. Татварын мөнгийг олон нийтийн хяналт дор нээлттэй явуулахын тулд хэд хэдэн хуульд ч өөрчлөлт оруулсан. Гэтэл гомдол гаргасан компаниуд ашиг сонирхлын зөрчил байна гэжээ. Бид ийм төрлийн зөрчлийг шалгах байгууллага биш. Иймд Сангийн яам ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандах нь зөв юм.
Автобус худалдан авах тендерийг Нийслэлийн худалдан авах газар боловсруулсан. Тэд захиалагч нь юм. 2020 онд бид 20-иод ийм төрлийн гомдол хүлээн авсан. 2021 онд есөн гомдол хүлээж авлаа. Тэгэхээр Нийслэлийн худалдан авах газар хуулийн дагуу ажиллах шаардлагатай байна.
Сангийн яамны газрын дарга н.Батсуурь худалдан авах ажиллагааны цахим системийг (tender.gov.mn) танилцуулав:
-Энд тендэрт оролцсон компаниудын бүх мэдээлэл бий. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тавдугаар сарын 17-нд автобус худалдан авах тендэрээ нээжээ. Төсөвт өртөг нь энд бий. Нийт долоон компани саналаа өгчээ. Гэвч захиалагч талын эсрэг "Моннис моторс", "Евро хан", "Дайлан" гэж гурван компани гомдол гаргасан. Тендэрт оролцсон компаниуд санал өгсөн бусад компанийн материалтай танилцах боломжийг хуулиар нээсэн юм. Энэ нь хөндлөнгийн хяналтыг бий болгох, шалгарч чадаагүй ААН-ийн гомдлыг илүү үндэслэлтэй болгох зорилготой.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар дээрх тендерийг дахин зарлажээ.