Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмдэг тогтолцоотой болъё" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 188 мянган төгрөгөөр амьдарч байна. Иргэд дөрвөн удаагийн хөл хорионд орж, иргэдийн амьдрал доройтож байна. Тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардаж байна.
Цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлнэ. Гурав хоногт хариу өгөхгүй бол Сонгинохайрхан дүүргээс эхлэн иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага байна уу? гэсэн сэдвээр иргэдийн дунд санал асуулга явуулна гэлээ.
Тус хорооны гишүүн н.Хажидмаа “Цар тахлын хүнд үед төр иргэдээ сард 255 мянган төгрөгөөр хэрхэн яаж амьдарч байгааг бодолцож үзмээр байна. Улсад 30 жил ажилласан иргэн 255 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад бухимдаж байна. Ерөнхий сайд нь хөшөө барьж, нурааж тоглож байна. Энэ мөнгийг ядарсан иргэддээ зарцуулах ёстой байсан. Өндөр настнуудын тэтгэврийг нэмэх боломжтой” гэлээ.
Мөн иргэдийн төлөөлөл З.Даваа “Бид өнөөдөр аль нэг намын хатгаасаар олон нийтэд мэдээлэл хийсэнгүй. Би Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг. Захын хороололд амьдрал ямар байгааг төр харах хэрэгтэй. Тэнд амьдрал хүнд байна. Энэ ч үүднээс бид цаашид Улаанчулуутын хогийн цэг дээрээс хэвлэлийн бага хурал хийнэ. Цалин тэтгэврийн мөнгийг улс нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн сан нэрийдлээр ихэнхийг нь авч байна. Гэтэл ахмадууд бид сард 255 мянган төгрөгөөр амьдрах аргагүй боллоо. Иймд бидний тэтгэврийг нэмэх цаг нь болсон. Ийм боломж Монгол Улсад бий. Эдийн засаг цар тахлаас болж хямраагүй гэдгийг “Андлалын хөшөө”-нөөс харж бас хардаж байна” гэлээ.